ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ЭРЧИМ ХҮЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУЗ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДР. ЭЯАД АЛЬ-САЛЕХ-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Кувейт Улсын уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Royal Mining Group”, “Energy Solutions”, “Gulf Care General Trading” зэрэг компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Др. Эяад Аль-Салех-тай уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах боломж, эдгээр салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэв.
Др. Эяад Аль-Салех-ын зүгээс өөрийн удирдан явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд нь одоогийн байдлаар Ойрхи Дорнод, Африк, Төв Америкийн бүс нутгуудад уул уурхай, эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа бөгөөд тус компанийн хөрөнгө оруулалтын стратеги нь мэргэжлийн ур чадвар, инновац, олон улсын стандартын хамгийн өндөр түвшинд тулгуурладаг болохыг онцлов. Түүнчлэн тэрээр үйл ажиллагаагаа Ази тив рүү тэлж байгаатай холбогдуулан Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.
Уулзалтаар талууд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжуудыг судалж, дээр дурдсан салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэхэд нягт хамтран ажиллахаар тохиров.
“Royal Mining Group” нь Ойрхи Дорнод, Африк, Төв америкийн бүс нутгийн нийт 19 улсад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бол “Gulf Care General Trading” нь Кувейт Улсад хоёр том хэмжээний эмнэлэг, 11 лабораторитойгоор үйл ажиллагаа явуулж байгаа кувейтийн хамгийн том хувийн өмчит эмнэлгийн лабораторийн компани аж.
Үүнээс гадна түүний “Energy Solutions” компани нь Кувейт Улсад томоохонд тооцогдох цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний станцууд болон дэд станцууд барьж, байгуулсан туршлагатайг онцоллоо.