ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ ХАМАД БИН ХАТИР АЛЬ-СУЛАЙТИ -ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Хамад бин Хатир Аль-Сулайти-тай уулзаж, хоёр орны харилцаа, консулын хамтын ажиллагааны асуудлаар харилцан мэдээлэл, саналаа солилцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хүнс, хөдөө аж ахуй, хот байгуулалт, агаарын харилцааны салбар дахь хамтын ажиллагаа, цар хүрээ өргөжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Катар Улсын удирдлага, Засгийн газраас ард иргэд болон тус улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангахад шуурхай, тасралтгүй арга хэмжээг авч буй, Катар Улсад гацсан манай улсын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд Катарын Гадаад хэргийн яам болон холбогдох бусад төрийн байгууллагууд дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Консулын газрын дэд захирал Хамад бин Хатир Аль-Сулайти сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Катарын Засгийн газраас ард иргэд, тус улсад ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн аюулгүй, тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлдгийг онцлов. Мөн Катар Улсад оршин сууж буй монгол иргэд нь тус улсын хууль, дүрмийг мөрдөж, ёс заншлыг хүндэлдэг бөгөөд гэмт хэрэг, зөрчил гаргадаггүйг онцлон дурдав.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаатай холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эцэслэн тохиролцсон зарим баримт бичгүүдийг албан шугамаар солилцож, боломжит хугацаанд шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцов. Мөн Элчин сайдын зүгээс Катар Улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, бүс нутагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аюулгүй байдлыг хангах, шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг үргэлжлүүлэн хангах хүсэлтийг тавихад Катарын ГХЯ-ны Консулын газраас хүсэлтийг хүлээн авч, боломжит хэлбэрээр туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.