images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ИБРАХИМ ЮСУФ АБДУЛЛА ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2026-04-23

68

Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Ибрахим Юсуф Абдулла Фахру-тай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал бодлоо солилцов. 

Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг дурдахын ялдамд Катарын Гадаад хэргийн яамны Ёслолын газраас туслалцаа, дэмжлэгийг шуурхай үзүүлж, хамтран ажилладагт талархал дэвшүүлэв. Мөн хоёр орны хооронд яригдаж буй айлчлал, арга хэмжээ, тэдний бэлтгэл ажлыг хангах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжиж, 2026 оны 2 дугаар сард Монгол Улсаас анх удаагаа 3 контейнер буюу 80 гаруй тонн халал аргаар бэлтгэсэн хөлдөөсөн хонины мах Катарын зах зээлд борлуулагдсаныг онцлон тэмдэглэв. 

Ёслолын газрын захирал Ибрахим Юсуф Абдулла Фахру Монгол Улс, Катар Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Элчин сайдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд аливаа санал, санаачилгыг бүхий л талаар үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов. Мөн манай улсаас ажиллах хүч авах чиглэлээрх харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг мэдэгдэж, хоёр талаас эцэслэн тохиролцоод буй баримт бичгүүдийг байгуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.