ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН МАХНЫ ИМПОРТ, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ А.А КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ШАМЛАН АЛЬ-АВАДХИ-ТАЙ УУЛЗАЖ, ТУС КОМПАНИЙН ҮЙЛДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БИЕЧЛЭН ТАНИЛЦАВ
ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН МАХНЫ ИМПОРТ, ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ А.А КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ШАМЛАН АЛЬ-АВАДХИ-ТАЙ УУЛЗАЖ, ТУС КОМПАНИЙН ҮЙЛДВЭР, ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БИЕЧЛЭН ТАНИЛЦАВ.
Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Катар Улсын томоохон мах ханган нийлүүлэгч А.А компанийн Гүйцэтгэх захирал Шамлан Аль-Авадхи-тай уулзаж, тус компанийн үйлдвэр, үйл ажиллагаатай биечлэн танилцав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулж, хоёр орны хооронд эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, гадаад худалдааны салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж буйг онцлон тэмдэглэв. Улмаар Монгол Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төвөөс Халал зөвшөөрөл олгох магадлан итгэмжлэлийг амжилттай хийлгүүлж, түүнийг Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд 2024 оны 4 дүгээр сард бүртгүүлсэн, мал эмнэлгийн гэрчилгээг хоёр орны холбогдох байгууллагууд харилцан тохиролцсоноор хөлдөөсөн болон сэврээсэн махны худалдаа эрхлэх, экспортлох эрх зүйн орчин бүрэн бүрдсэн, Монгол Улсын мал аж ахуйн салбар, махны экспортын өнөөгийн нөхцөл байдал, монгол махны ашиг шим, чанар, Кувейт Улс руу хийж буй махны экспортын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
“А.А” компанийн Гүйцэтгэх захирал Шамлан Аль-Авадхи Элчин сайдад урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж, тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцсанд талархал дэвшүүлэхийн ялдамд компанийнхаа үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тодруулбал, тус компанийн хувьд Катарын махны зах зээлийн 50 хувийг хангадаг бөгөөд 22 салбартай, ойрын хугацаанд 16 салбарыг шинээр нээхээр төлөвлөж буй томоохон махны чиглэлийн аж ахуй нэгж болно. Мөн 2026 оны 2 дугаар сард Монгол Улсаас анх удаагаа 3 контейнер буюу 80 орчим тонн хөлдөөсөн хонины махыг импортлон Катарын зах зээлд борлуулснаар зах зээл дэх монголын махны эрэлт нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. Улмаар Монгол Улсаас Булангийн орнууд руу халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн экспортлож эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсаас Катар Улс руу хөлдөөсөн болон сэврээсэн хонь, ямаа, үхрийн мах болон амьд мал импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улсын томоохон мах экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтооход дэмжлэг үзүүлж, эрх зүйн хүрээнд зөвлөгөө, дэмжлэг өгөх, Монголын махыг Катарын зах зээлд амжилттай нийлүүлж, таниулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Үүнтэй холбогдуулан Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Катар Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүхий л эрх зүйн орчин бүрдэж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж, гарц нээгдэж байгааг дурдахын зэрэгцээ цаашид махны экспортын хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой, үр дүнтэй байлгахад тулгамдаж буй агаарын тээврийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Катарын холбогдох байгууллагууд болон Катар Эйрвэйс компанитай удаа дараа уулзаж, тодорхой үр дүнд хүрч буйг онцлон тэмдэглэв.
Элчин сайд П.Сэргэлэн тус компанийн зүгээс төлөвлөж буй үйл ажиллагаа, хамтын ажиллагааг дэмжиж, боломжит бүхий л хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж, амжилт хүслээ.