ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Абдулла бин Абдулазиз Аль-Субайе-тай 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Доха хотноо уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж, тэр дундаа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбар нь хамтын ажиллагааны шинэ, ирээдүйтэй чиглэл болон тодорч буйг тэмдэглэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих бодлого, зорилтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, энэ хүрээнд Катар Улстай туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Талууд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын Катар Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хөндөгдсөн асуудлуудын хэрэгжилтийн явцын талаар санал солилцож, айлчлалын үр дүнг бодит ажил хэрэг болгох чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.
Уулзалтын үеэр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах боломж, ялангуяа цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх боломжит санаачилга, туршлага солилцооны талаар дэлгэрэнгүй ярилцав.
Сайд Абдулла бин Абдулазиз Аль-Субайе хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй тэлж буйд баяртай байгаагаа илэрхийлж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов. Тэрээр COP17 бага хурлыг зохион байгуулахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх асуудлаар холбогдох байгууллагуудтай зөвлөлдөн, саналыг нэгтгэн ойрын хугацаанд албан ёсны хариу ирүүлэхээр ажиллаж буйг мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбар дахь хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор хоёр орны Байгаль орчны яамд хооронд байгуулах Хамтын ажиллагааны Санамж бичгийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар харилцан тохиров.