ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН “FOOD CHOICE” КОМПАНИЙН ЗАХИРАЛ МАРВАН МАРЕС-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын хүнс ханган нийлүүлэлт, үйлчилгээний томоохон компани болох “Food choice”-ийн Гүйцэтгэх захирал Марван Фарес-тай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний зорилго, ач холбогдол, мөн Монгол хүнс, хүнсний бүтээгдэхүүний чанар, стандарт, олон улсад өрсөлдөх чадварын талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид экспортын чиг баримжаатай Монгол хүнсний бүтээгдэхүүнийг Кувейтийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр тус компанитай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тухайлбал, Монгол Улсаас Кувейт Улс руу экспортлох боломжтой хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Эль-Кувейт хотноо тус компанитай хамтран зохион байгуулж, кувейтийн хэрэглэгчид, зах зээлд таниулах, тус компани Монгол Улсын хүнс үйлдвэрлэл, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хооронд шууд холбоо тогтоож, бодит хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, харилцан тохиролцоонд хүрэв.
Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард “Food Choice” компани Монгол Улсын “Дельта” ХХК-тай хийсэн албан ёсны уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагааг эхлүүлж, Монгол Улсаас Кувейт Улс руу сайн чанарын үхрийн махны экспортыг эхлүүлэхээр ажиллаж байгааг сайшааж, цаашид илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн экспортыг эхлүүлэх чиглэлд нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн талууд экспортын логистик, тээвэрлэлтийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, Элчин сайдын зүгээс тээвэрлэлтийг саадгүй болгох чиглэлээр Монгол Улсын Засгийн газар болон Элчин сайдын яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, санал, санаачилгын талаар мэдээлэл өгөв.
Гүйцэтгэх захирал Марван Фарес нь Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ-ны 2025 оны 12 дугаар сард зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалт, Монгол үндэсний хоолны өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд нь урьд өмнө үзээгүй шинэлэг болж, өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд ийм төрлийн арга хэмжээнүүдийн зохион байгуулалтыг шинэ түвшинд аваачсаныг тэмдэглээд Монгол хүнс нь амт, чанарын хувьд өндөр түвшинд байгааг онцлон Кувейтийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтойг илэрхийлэв.
Мөн Монгол хүнсний бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах, Монгол Улсын хүнс үйлдвэрлэгч, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг эхлүүлэх Элчин сайдын санаачилгыг бүрэн дэмжиж, хүлээн авч байгаагаа илэрхийлээд уулзалтын мөрөөр ажиллаж, бодит ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.
“Food Choice” компани нь Кувейт Улсын хүнсний зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг ба дэлхийн 50 гаруй нэр хүндтэй хүнсний брэндийн бараа, бүтээгдэхүүнийг Кувейт Улсад импортлон түгээдэг, салбартаа томоохон хүнсний ханган нийлүүлэгч бөгөөд зочид буудал, ресторан, нарийн боов, кофе шоп, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлчилгээ, ханган нийлүүлэлт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж юм.
Тус компанитай хамтын ажиллагаа эхлүүлэх хүсэлтэй монголын аж ахуйн нэгжүүд тус ЭСЯ-нд хандан танилцуулгыг ирүүлэх боломжтой.