ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН “ЛУЛУ” ГРУППИЙН КУВЕЙТ БҮСИЙН ЗАХИРАЛ СРЭЭЖИТ КОЛАНТРА СРЕРАЖАН-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн олон улсын “ЛуЛу” группийн Кувейт бүсийн захирал Срээжит Колантра Среражан-тай 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын явц болон амьд малын экспорт эхлүүлэх эрх зүйн орчин, гарц нээгдсэн талаар товч танилцуулж, тус групптэй Монгол Улсаас өндөр чанарын мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, цай, шүүс зэрэг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг экспортлох болон Монгол бүтээгдэхүүнүүдийг Кувейтийн хэрэглэгчдэд таниулах үүднээс хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн “ЛуЛу” группийн Кувейт бүсийн удирдлагууд Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн экспортлогч “Дельта” ХХК болон хушны самар экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй хийсэн уулзалтуудын мөрөөр тухайн аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүнүүдийг тус группийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалах асуудлыг бодит ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэхийн зэрэгцээ ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж буй Монгол-Кувейтийн хоёрдугаар бизнес форумд оролцохыг урив.
Захирал Срээжит Колантра Среражан нь Монгол мах, хүнсний ногоо болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг өөрсдийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалах, мөн Элчин сайдын яамтай хамтран ойрын хугацаанд Монгол хүнсний бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд холбоотой ажиллахаа тэмдэглэв.
Мөн талууд “ЛуЛу” группийн БНХАУ дахь салбар оффисуудаар дамжуулан Монгол бараа, бүтээгдэхүүнүүдийг Кувейт Улс руу экспортолж, тус группийн Кувейт дэх 18 томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалах боломжуудын талаар санал солилцов.
“ЛуЛу” групп нь Ойрхи Дорнодын бүс нутагт нийт 280 гаруй салбар дэлгүүртэй, 65,000 гаруй ажилтантай бүс нутгийн хамгийн том сүлжээ дэлгүүр бөгөөд үүнээс Кувейт Улсад 18 салбартай, ойрын хугацаанд 5 салбар нээхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэв. Мөн тус групп нь Итали, Их Британи, Испани, Турк, АНУ, Хятад, Вьетнам, Тайланд, Малайз, Индонези, Өмнөд Африк, Узбекистан зэрэг нийт 85 орнуудаас бараа бүтээгдэхүүнүүд импортолдог байна.