images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ КУВЕЙТИЙН САНГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ВАЛИЙД АЛЬ-БАХАР-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2026-02-05

6

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-тай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн дагуу Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Улаанбаатар-Хархорум чиглэлд автозам барих асуудлаар санал солилцов. Тухайлбал, Элчин сайд П.Сэргэлэн Улаанбаатар-Хархорум чиглэлийн автозамыг Булангийн орнуудын хөгжлийн сангуудын санхүүжилтээр бүтээн байгуулах яриа хэлэлцээг идэвхжүүлж, ойрын хугацаанд хамтран санхүүжүүлэгчдийн уулзалтыг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, Кувейтийн сан тус уулзалтыг зохион байгуулахад Булангийн орнуудын хөгжлийн сангуудтай уулзалтыг зохион байгуулах зохицуулалтыг хийж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Кувейтийн сангийн зүгээс хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд хамтран санхүүжүүлэгчдийн уулзалтыг зохион байгуулах зохицуулалтыг хийж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэж, цаашид харилцан ашигтай, Монгол Улсын нийгэм, эдийн засагт ач холбогдолтой илүү олон төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар талууд Улаанбаатар-Хархорум чиглэлийн автозамын төслийг санхүүжүүлэх яриа хэлэлцээг улам бүр идэвхжүүлж, ойрын хугацаанд хамтран санхүүжүүлэгчдийн уулзалтыг зохион байгуулахад нягт хамтран ажиллахаар тохиров.