ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД АБДУЛМОХСЕН Ж. АЛЬ-ЗАИД-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2026 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал хариуцсан Туслах сайд Абдулмохсен Ж. Аль-Заидтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2025 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, тэр дундаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдсэн болон Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын явц зэргийг танилцуулж, 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өглөө.
Мөн Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2025 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Эль-Кувейт хотноо зохион байгуулсан цуврал арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажилласанд талархал илэрхийлж, талархлын бичгийг гардуулав.
Туслах сайд Абдулмохсен Ж. Аль-Заид Элчин сайдын идэвх санаачилгатай, тууштай үйл ажиллагаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглээд цаашид Элчин сайдын яамны үйл ажиллагаа болон Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.