images

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ КАТАР УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД БАТЛАН ХАМГААЛАХЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2026-01-21

58

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дэлхийн батлан хамгаалахын технологийн чиглэлээр зохион байгуулагддаг томоохон олон улсын үзэсгэлэн, бага хурлуудын нэг болох “DIMDEX-2026”-д оролцох үеэрээ 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Катар Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Төрийн сайд Шейх Сауд бин Абдулрахман Аль-Тани-тай Доха хотноо уулзалт хийв.
Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, Катар Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, батлан хамгаалах салбар нь хоёр орны түншлэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлон тэмдэглэв.

Сайд Д.Батлут “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Катар Улс бие бүрэлдэхүүнээ илгээж идэвхтэй хамтарч ажилладагт талархал илэрхийлээд цаашид цэргийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, араб хэлтэй оффицеруудыг бэлтгэх, батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн чиглэлээр туршлага солилцох, энхийг сахиулах ажиллагаа, батлан хамгаалах салбарын дэвшилтэт технологи, инновац, кибер болон аюулгүй байдлын асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах талаар саналтай байгаагаа илэрхийлэв.
Катар Улсын Шадар сайд Шейх Сауд бин Абдулрахман Аль-Тани хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд монголын талаас дэвшүүлж буй санал, санаачлагыг бүрэн дэмжиж, бодит үр дүнд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Түүнчлэн уулзалтын үеэр талууд бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, олон талт хамтын ажиллагааны ач холбогдлын талаар санал солилцож, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.
Уулзалтын төгсгөлд сайд нар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрээ шинэчлэн байгуулав.
Уулзалтад Монгол     Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар болон хоёр орны батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний холбогдох албаны удирдлага, төлөөлөгчид оролцов.