ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.МӨНХТҮШИГ КАТАРЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын оролцогч талуудын 11 дүгээр бага хуралд оролцох үеэрээ 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Катар Улсын Доха хотноо тус улсын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Ахмад Хассан Аль-Хамадитай уулзалт хийв.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид худалдаа, эдийн засаг, соёл, спорт, дэд бүтэц, агаарын тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг илүү прагматик байдлаар хөгжүүлэх, тэр дундаа халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн талууд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглээд айлчлалын бэлтгэл ажлыг сайтар хангах, энэ хүрээнд хоёр улсын хооронд байгуулахаар яригдаж буй баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэхээр санал нэгдэв.
Уулзалтад Элчин сайд П.Сэргэлэн, Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны дарга Халифа Саад Аль-Саад болон Азийн газрын төлөөлөл оролцов.