images

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН “LEGEND OF NOMADS” ТОГЛОЛТЫГ ЭЛЬ-КУВЕЙТ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-12-12

20

Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монголын Үндэсний Урлагийн их театрын Монголын ард түмний соёлын өв, нүүдлийн соёлын гайхамшгийг харуулсан “Legend of Nomads” тоглолтыг “The American University of Kuwait Theater”-т зохион байгуулж, Монголын соёл, урлаг, өвийг сурталчлан таниулав.

​​​Энэхүү тоглолт нь Монголын нүүдлийн ахуй, зан заншил, түүх соёлыг орчин үеийн тайзны шийдэлтэй хослуулан Монголын Үндэсний урлагийн их театрын шилдэг бүжигчид, хөгжимчид, уртын дуучин зэрэг бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдав. Морин хуурын дархлагдсан эгшиг, хөөмийн гайхамшигт хоолой, үндэсний бүжгийн өвөрмөц хөдөлгөөнүүд Кувейтийн үзэгчдэд Монголын соёлын язгуурыг мэдрүүлж, халуун алга ташилтаар шагнагдлаа.

​​Тоглолтод Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдээс гадна Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Италийн дуурийн театрын дуучин С.Аяана дэлхийн сонгодог опера бүтээлүүдийг тайзнаа толилуулахаас гадна Монгол түмний сэтгэлд хоногшсон Аав, ээж хоёр минь зэрэг монголын аугаа бүтээлүүдийг хүргэж, “Precious Fashion House”-ийн загвар зохион бүтээгч Б.Маралмаагийн үндэсний болон гоёлын даашинзны шоу амжилттай зохион байгуулагдав.

​​Тоглолтыг Кувейт Улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл, Кувейт дэх 120 орны дипломат төлөөлөгчийн газрууд болон олон улсын байгууллагын тэргүүн нар, Кувейт Улсад оршин суух иргэд зэрэг 500 орчим зочид хүрэлцэн ирж үзэхээс гадна Кувейт Улсын 10 гаруй томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд дамжуулсан нь Монголын соёл, урлагийг Кувейт Улсад өргөн хүрээнд сурталчлан таниулах, хоёр улсын хамтын ажиллагааг зөөлөн хүчний бодлогоор гүнзгийрүүлэхэд томоохон түлхэц болов.

​​​Элчин сайд П.Сэргэлэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг соёл, урлагаар холбох чухал гүүр болж буй бөгөөд Монгол Улс, Кувейт Улс нийтлэг үнэт зүйлс ихтэй нүүдэлчин ард түмэн тул энэхүү ижил мөн чанар нь хоёр улсын харилцааг улам бүр ойртуулдаг гэдгийг онцлон тэмдэглэж, энэхүү тоглолтоор дамжуулан Монголын өв соёл, уламжлалт хөгжим, бүжиг, үндэсний хувцасны гайхамшгийг Кувейтийн үзэгчдэд хүргэж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. Мөн манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зөөлөн хүчний бодлогоор дамжуулан цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байгааг онцлов.

​Түүнчлэн Элчин сайд П.Сэргэлэн тоглолтын эхэнд Монголын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид, дуурийн дуучин С.Аяана, загвар зохион бүтээгч Б.Маралмаа нарт соёл урлагаар дамжуулан хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлж, дурсгалын зүйлс гардуулав.

​​“Legend of Nomads” тоглолт нь Монголын соёл, урлагийг Кувейт Улсад сурталчлан таниулах, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг соёл, урлагаар дамжуулан бусад бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх томоохон алхам болов.

Тоглолт зохион байгуулагдсан өдрөөс хойш өнгөрсөн дөрвөн хоногийн хугацаанд Кувейт Улсын хэвлэл мэдээлэл, олон дагагчтай нөлөөлөгчид болон иргэд энэхүү тоглолтын талаар идэвхтэй сэтгэгдлээ хуваалцаж, нийтэлсээр байгаа нь Үндэсний урлагийн их театрын тоглолт олон хүнд хүрч, соёлын үр нөлөөгөө амжилттай түгээж буйг нотлов.