images

ЭЛЬ-КУВЕЙТ ХОТНОО МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-12-11

20

ЭЛЬ-КУВЕЙТ ХОТНОО МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс, Кувейт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохилдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын хүнсний экспортыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсыг сурталчлах цуврал цогц арга хэмжээний нэг хэсэг болох “Taste of Mongolia” үндэсний хоолны өдөрлөгийг Эль-Кувейт хотын “Mughal Mahal” ресторанд 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулав. Энэхүү өдөрлөг нь хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа, соёлын ойлголцлыг улам бэхжүүлэх, Монгол хүнсний бүтээгдэхүүн, махны экспортыг Кувейтийн зах зээлд улам бүр таниулахад онцгой ач холбогдолтой Кувейт Улсад зохион байгуулагдсан анхны Монгол хоолны өдөрлөг гэдгээрээ онцлог болов.

Үндэсний хоолны өдөрлөгт Кувейт Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагын тэргүүн нар, хүнс, хоол, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Кувейтийн томоохон аж ахуйн нэгжүүд болон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн төлөөлөл зэрэг нийт 150 гаруй зочид хүрэлцэн ирж, Монгол хоолны соёл, амт чанартай танилцав.

Өдөрлөгийн үеэр Монголын уламжлалт хоол хүнсний өв соёлыг Кувейтийн олон нийтэд таниулах зорилгын хүрээнд Монголын байгалийн цэвэр түүхий эдээр, тэр дундаа “Дельта Холдинг” ХХК-ийн өндөр зэрэглэлийн органик Монгол хонь, үхрийн мах ашиглан “Bluefin” рестораны ахлах тогооч Б.Төгсжаргал хорхог, бууз, хуушуур, хонины сархинаг, шөл, таван цулын зоог зэрэг нийт 36 төрлийн Монгол үндэсний зоогуудыг бэлтгэж, зочид амтархан зооглов.

Мөн Монголын сүү, цагаан идээ, чацаргана болон аньсны шүүс, төрөл бүрийн хиам, мах, махан бэлэн бүтээгдэхүүн, гурилан хийцийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, амталгаа хийлгэсэн нь онцлог байв.

Элчин сайд П.Сэргэлэн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсаас Кувейт Улс руу өнгөрсөн онд эхлүүлсэн хонины сэврээсэн махны экспортын үр дүнд энэхүү өдөрлөг зохион байгуулагдаж байгааг онцолж, цаашид сайн чанарын Монгол үхрийн мах, амьд малын экспортыг эхлүүлэхээр төлөвлөж буй нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй болон хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх үндэс суурь болохыг тэмдэглэв. Мөн хоёр улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулсантай холбогдуулан ойрын хугацаанд хоёр улсын хооронд шууд нислэг нээгдэх, ингэснээр Монголын эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнүүдийг Кувейт Улсад тасралтгүй нийлүүлж, үр дүнд нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр нэмэгдэж, шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн энэ үеэр Элчин сайд П.Сэргэлэн хамтран ажилласан “Mughal Mahal" группийн Ерөнхий захирал Ашок Калра, “Дельта Холдинг” ХХК-ийн төлөөлөл болон тогооч Б.Төгсжаргал нарт талархал гардуулав.

Зочид Монгол орны эрүүл, органик түүхий эд, сайн чанарын мах, махан бүтээгдэхүүний амт, шим тэжээллэг чанарт сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, цаашид Монгол Улсад аялахаар шийдсэн талаараа дурдаж байсан нь өдөрлөгийн нэгээхэн чухал зорилгуудын нэг байв. Мөн Монголын хоол хүнсний өв соёлын баялаг уламжлалтай танилцсан нь Монгол, Кувейтийн ард иргэдийн хоорондын соёлын харилцааг нэг шат ахиулаад зогсохгүй олон улсад таниулах чухал алхам боллоо.

Арга хэмжээнд Монгол Улсын хүнс, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Delta holding” компанийн төлөөлөл оролцож, өөрсдийн өндөр чанарын үхрийн махаар стек, бэлтгэж, ирсэн зочид болон Кувейтийн томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад танилцуулан амталгаа хийлгэж, улмаар “Food Choice”, “Lulu Hypermarket”-ийн удирдлагуудтай экспортыг эхлүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийсэн нь үхрийн махны экспортыг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой байв.