МОНГОЛ, КУВЕЙТИЙН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой, Монгол Улс, Кувейт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтыг 2025 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Эль-Кувейт хотноо ёслол төгөлдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хагас зууны замналыг эргэн дурсаж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон онцгой үйл явдал боллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид морин хуурын аялгуу, үндэсний бүжиг, уртын дуу зэрэг урлагийн шилдэг бүтээлүүдээс толилуулсан нь Монгол Улсын өв соёл, үндэсний урлагийг олон улсад таниулаад зогсохгүй олон салбарын хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх үндэс тулгуур болов. Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, опера дуучин С.Самбуу дэлхийн сонгодог өндөр түвшний уран бүтээлүүдийг үзүүлэн зочдын сэтгэлийг баясгаж, “Precious Fashion House”-ийн ахлах загвар зохион бүтээгч Б.Маралмаагийн Монгол үндэсний хувцасны загварын шоу амжилттай зохион байгуулагдаж, үндэснийхувцасны олон өнгө төрх олны анхаарлыг татав.
Түүнчлэн “Bluefin” рестораны ахлах тогооч Б.Төгсжаргал Монгол махаар хийсэн үндэсний хоолнуудыг бэлтгэн зочдод амтлуулж, Монгол махны чанар, амтыг таниулахын зэрэгцээ Монгол Улсын байгаль, аялал жуулчлал, түүхэн дурсгалт газруудын уран зургийн үзэсгэлэнг хүлээн авалтын үеэр гарган зочдод танилцуулав.
Хүлээн авалтад Кувейт Улсын ГХЯ-ны Азийн асуудал хариуцсан туслах сайд Самийх Исса Жохар, Кувейт Улсын Аль-Жахра хотын захирагч Хамад Жассим Хабши, Кувейт дэх Дипломат төлөөлөгчийн газруудын декан, Тажикстан Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Др.Зубаядзода Зубаядулло, Кувейтийн Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлийн Урлаг хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Мусаед Аль-Замилнар хүндэт зочноор оролцлоо. Мөн Кувейт Улсын төр, засгийн өндөр албан тушаалтнууд,дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудын тэргүүн нар, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг нийт 500 гаруй зочид хүрэлцэн ирсэн нь арга хэмжээний ач холбогдлыг улам тодотгов.
Хүндэтгэлийн хүлээн авалтыг Элчин сайд П.Сэргэлэн нээж хэлсэн үгэндээ Кувейт Улсын Эмир Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах, Угсаа залгамжлах Ханхүү Шейх Сабах Халид Аль-Хамад Аль-Сабах болон Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн санд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэрт талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсаас Кувейт Улсад хонины сэврээсэн махны экспорт эхэлж, улмаар ойрын хугацаанд үхрийн мах, амьд малын экспорт эхлүүлж буй, хоёр улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”байгуулж, улмаар талууд хоёр улсын хооронд шууд нислэг нээх судалгааг хийн ажиллаж буй зэрэг нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бодит үр дүнтэй байгаагийн чухал жишээ гэдгийг онцолж, цаашид уул уурхай, газрын тос, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний дэд бүтэц, соёл, боловсрол, мэдээллийн технологи зэрэг томоохон салбаруудад урт хугацааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийн талаар онцлов.
Монгол Улсаас Кувейт Улс руу сайн чанарын үхрийн махны экспортыг эхлүүлэх ажлын хүрээнд Монголын “Delta Holding” компанийн төлөөлөл хүлээн авалтад хүрэлцэн ирж, өөрсдийн компанийн үйл ажиллагаа, Монгол Улсаас Кувейт Улс руу өндөр зэрэглэлийн үхрийн мах экспортлох боломжийн талаар танилцуулав.
Монгол Улс, Кувейт Улсын хооронд 1975 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй.