ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ АЛЬ-ЖОХАРА ЮСЕФ ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Аль-Жохара Юсеф Фахру-тай Доха хотноо уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Элчин сайд П.Сэргэлэн хоёр орны улс төрийн механизм болох Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтад Монгол Улс чухал ач холбогдол өгдөх болохыг тэмдэглээд ээлжит зөвлөлдөх уулзалтыг хуваарийн дагуу Доха хотноо ойрын хугацаанд зохион байгуулах асуудлыг хөндөж ярилцав. Түүнчлэн, хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, энэ хүрээнд Гадаад хэргийн сайд нарыг ойрын хугацаанд утсаар яриулах саналыг тавив.
Азийн газрын захирал Аль-Жохара Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд товын тухайд Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа зөвлөлдсөний дараагаар хариу өгөхөө мэдэгдэв. Мөн тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад Гадаад хэргийн сайд нарыг утсаар яриулах асуудал чухал тул энэ асуудалд онцгой анхаарч, ойрын хугацаанд товыг тохирох чиглэлээр ажиллахаа нотлов.