images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТӨРИЙН САЙД ОМАР АЛЬ-САУД ОМАР-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-11-23

30

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Харилцаа холбооны Төрийн сайд Омар Аль-Сауд Омар-тай 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Кувейт Улсын Мэдээллийн төв агентлагт уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон Харилцаа, холбооны Зохицуулах хорооны дарга Г.Чинзориг нарын халуун дотно мэндчилгээг уламжилж, ЦХИХХЯ-ны үйл ажиллагаа, бодлогын талаар болон Монгол Улсын харилцаа, холбооны салбарын хөгжлийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” платформын талаар дэлгэрэнгүй танилцуулж, “E-Mongolia” платформ, Кувейт Улсын төрийн цахим үйлчилгээ үзүүлдэг “Sahel App” хооронд туршлага судлах, мөн Монголын харилцаа холбооны Зохицуулах хороо, Кувейтийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн зохицуулах газар (CITRA) хооронд Санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Төрийн сайд Омар Аль-Сауд Омар-ийн зүгээс Элчин сайдын гаргасан санал, санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, уулзалтын мөрөөр Кувейтийн Мэдээллийн төв агентлагийн удирдлагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх асуудлаар уулзалт хийж, энэ үеэр яригдсан бүхий л зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарал хандуулахаа нотлов.