ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ (KUNA)-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ МУХАММАД АЛЬ-МАННАЙ-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Кувейт Улсын Үндэсний мэдээллийн агентлаг (KUNA)-гийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Мухаммад Аль-Маннай-тай тус агентлагийн төв байранд уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд Монголын үндэсний МОНЦАМЭ агентлаг, Кувейтийн үндэсний мэдээллийн агентлаг (KUNA) хооронд хамтын ажиллагааны тухай Санамж бичиг байгуулж, сэтгүүлч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх богино болон дунд хугацааны сургалт, туршлага солилцооны хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Элчин сайдын яамны зохион байгуулах томоохон арга хэмжээнүүдийг төдийгүй цаашид хоёр улсын харилцаанд гарах чухал үйл явдлуудыг харилцан сурталчлах асуудлаар санал солилцов.
Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг талууд онцолж, цаашид уулзалтын үеэр яригдсан бүхий л зүйлсийг ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар тохиров.