images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАМНЫ ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗҮҮД ХАРИУЦСАН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БАДР АЛЬ-ДИЙЕ-ТЭЙ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-11-21

31

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Мэдээллийн яамны Телевизүүд хариуцсан газрын Ерөнхий захирал Мухаммад Аль-Маннай-тай уулзаж, хоёр улсын Үндэсний телевиз хоорондын болон соёл, урлагийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын мэдээлэл, технологийн салбар, тэр дундаа телевизийн салбарын хөгжлийн талаар товч танилцуулаад хоёр улсын Үндэсний телевиз хоорондын хамтын ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэх хүрээнд явцдаа буй МҮОНРТ, Кувейт Телевиз хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичгийг эцэслэж, энэ хүрээнд хамтарсан контент бүтээх, телевизийн салбарын мэргэжилтнүүдийн богино, дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, Санамж бичгийн монголын талын төслийг гардуулан өгөв. Түүнчлэн Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулахаар төлөвлөж буй цуврал арга хэмжээнүүд болон цаашид хоёр улсын хамтын ажиллагаанд гарах томоохон үйл ажиллагаануудыг Кувейтийн Үндэсний телевизүүдээр цацахад хамтран ажиллах асуудлаар санал солилцож, тохиролцоонд хүрэв.

​Ерөнхий захирал Бадр Аль-Дийе-гийн зүгээс цаашид Элчин сайдын яамны үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүлж, харилцаа, хамтын ажиллагаанд гарсан томоохон үйл явдлуудыг цаг алдалгүй сурвалжилж, мэдээ болгон түгээх, Монголын соёл, заншил, түүхийг харуулсан кино, контентыг Кувейтийн Үндэсний Телевизээр цацах, мөн тус телевизийн “Өглөөний мэнд Кувейт” зэрэг олон үзэгчтэй хөтөлбөрүүдээр дамжуулан хамтын ажиллагааг сурталчлах зэрэг дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

​Талууд ойрын хугацаанд хоёр улсын Үндэсний телевиз хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиров.