images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, СОЁЛЫН САЙД БӨГӨӨД ЗАЛУУЧУУДЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН САЙД АБДУЛРАХМАН БАДАХ АЛЬ-МУТАЙРИ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-11-20

47

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Кувейт Улсын Мэдээлэл, соёлын сайд бөгөөд Залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Абдулрахман Бадах Аль-Мутайри-тай уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Мэдээлэл, соёлын сайдтай 2025 оны 8 дугаар сард хийсэн уулзалтын үеэр танилцуулсан Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улсын Кувейт Улсад сурталчлах ажлын төлөвлөгөө бодит ажил хэрэг болж, улмаар Эль-Кувейт хотноо 2025 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд ойн хүндэтгэлийн хүлээн авалт, Үндэсний урлагийн их театрын тоглолт, Монгол үндэсний хоолны фестиваль зэрэг цогц арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж буй талаар мэдээлэн арга хэмжээнүүдийн хөтөлбөрийг танилцуулж, зохион байгуулалтад холбогдох зарим дэмжлэгүүдийг үзүүлэхийг хүсэв.

Мөн Монгол, Кувейтийн Засгийн газар хооронд байгуулах явцдаа буй соёл, спорт, аялал жуулчлалын хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд эцэслэж, төлөвлөж буй айлчлалын үеэр гарын үсэг зурах эрмэлзэлтэй байгааг илэрхийллээ.

Мэдээлэл, соёлын сайд бөгөөд Залуучуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Абдулрахман Бадах Аль-Мутайри нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа соёл, спорт, залуучуудын салбарт хурдацтай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монголын соёл, урлагийг Кувейт Улсад таниулах чухал арга хэмжээнүүдэд өөрсдийн зүгээс холбогдох бүхий л дэмжлэгүүдийг үзүүлэн ажиллахаа нотлохын зэрэгцээ соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд эцэслэхэд анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Талууд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг зохион байгуулахад хамтран ажиллах, явцдаа буй баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэхээр харилцан тохиролцов.