images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-11-11

59

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейтийн их сургуулийн Эрдэм шинжилгээний асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Осама Аль-Омайр, Эрдэм шинжилгээний хөгжлийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Худа Махмуд болон бусад удирдлагын багтай 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Кувейтийн их сургуульд уулзалт хийлээ.  

Уулзалтаар талууд Кувейтийн их сургуулийн их сургуулийн Араб хэлний төвд суралцахад зориулж, жил бүр хоёр монгол оюутанд олгодог квотын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, чингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг эхлүүлж, Монгол оюутнуудыг Кувейтийн их сургуульд бакалаврын зэрэгт суралцуулах, Монгол Улсын Их сургууль, Кувейтийн их сургууль хооронд байгуулах явцдаа буй хамтын ажиллагааны тухай Санамж бичгийг ойрын хугацаанд эцэслэж, хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Кувейтийн их сургуулийн зүгээс Санамж бичгийн төслийн хариуг ойрын хугацаанд хүргүүлэн тус сургуулийн зөвлөлөөр батлуулахаа нотлохын зэрэгцээ энэхүү Санамж бичгийг байгуулснаар Монгол оюутнуудыг Кувейтийн их сургуульд бакалаврын түвшинд сургах боломж бүрдэх болохыг мэдээлэв.

Талууд дээрх асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар тохиролцов.