ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ФАРВАНИЯА ХОТЫН ЗАХИРАГЧ ШЕЙХ ДАБИ НАССЕР АЛЬ-САБАХ-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Фарванияа хотын захирагч Шейх Даби Нассер Аль-Сабах-тай 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтаар талууд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, соёл, спорт, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд харилцан туршлага солилцох төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд шууд холбоо тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг тодорхой асуудлуудаар санал солилцов.
Мөн талууд Орхон аймаг, Фарванияа хот хооронд 2011 онд байгуулсан Санамж бичгийг шинэчлэн байгуулж, энэ хүрээнд Эрдэнэт хот, Фарванияа хот хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд нягт холбоотой ажиллахаар тохиров.