images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН ОЛОН УЛСЫН “BLACKROCK” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН КОМПАНИЙН КУВЕЙТ, КАТАР ХАРИУЦСАН ЗАХИРАЛ АЛИ АЛЬ-КАДХИ-Г ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-10-11

33

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын “BlackRock” компанийн Кувейт болон Катар Улс дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Али Аль-Кадхи-г Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Дэлхийн хамгийн томд тооцогдох “BlackRock” компани Булангийн орнууд дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж Кувейт Улсад салбар компаниа нээгээд байгаатай холбогдуулан Кувейт болон Катар дахь үйл ажиллагааг хариуцсан захирлаар томилогдоод буйд баяр хүргэв. Түүнчлэн Монгол Улсын хөрөнгө оруулалтын боломж, бололцоо, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулав.

​Мөн Монгол Улсын Эдийн засагт чухал ач холбогдолтой дэд бүтэц, эрчим хүч, зам, тээвэр, байгаль орчин, ногоон болон тогтвортой хөгжлийн төсөлд хамтран ажиллах боломж, бололцоог судлан үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

​“BlackRock” компанийн Кувейт болон Катар Улс дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Али Аль-Кадхи тус компанийн Булангийн болон Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжийг судлан үзэж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

​“BlackRock” компани нь хөрөнгө оруулалт, хөрөнгө удирдлага, санхүүгийн зөвлөх үйлчилгээ чиглэлээр томоохон санхүүгийн төвүүд болох Хойд Америк, Европ, Ази-Номхон Далай, Булангийн орнуудад зэрэг 35 улс оронд 70 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани юм.