images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН САНХҮҮ, ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ЯАМНЫ ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЮСЕФ АБДУЛЛА АЛЬ-ХУМУД-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2025-09-30

21

​Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Бахрейны Хаант Улсын Санхүү, Үндэсний эдийн засгийн яамны Гадаад хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Юсеф Абдулла Аль-Хумуд-тай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Бахрейны харилцаа сүүлийн нэг жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжууд нээлттэй болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид харилцааг шинэ түвшинд аваачих “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд эцэслэн байгуулж, “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-ийг байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн Элчин сайд Бахрейны Хаант Улсад ажиллах үеэр хийсэн хоёр талын уулзалтуудын үр дүн, тэр дундаа Монгол Улсаас Бахрейны Хаант Улс руу мах, махан бүтээгдэхүүн болон амьд хонь, яамаа экспортлох, Монгол Улсын оюутан, залуусыг Бахрейны их сургуульд суралцуулах зэрэг асуудлыг тохирсон талаар танилцуулж, эдгээрийг цаашид ажил хэрэг болгоход Бахрейны Санхүү, Эдийн засгийн яамны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

​Төрийн нарийн бичгийн дарга Юсеф Абдулла Аль-Хумуд Элчин сайдыг Бахрейны Хаант Улсад ажиллаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх санаачилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж буйг сайшааж, хоёр талын бизнес эрхлэгчдийн хооронд шууд холбоо тогтоох, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцолж, цаашид дээрх дурдсан асуудлуудад холбогдох бүхий л талын дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа нотлов.