images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН ТЭЭВЭР, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ИРГЭНИЙ НИСЭХИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХУССАЙН АХМЕД АЛЬ-ШУАЙЛ-ТАЙ УУЛЗАВ ​​

Хэвлэлийн мэдээ

2025-10-02

43

Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны Иргэний нисэхийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Хуссайн Ахмед Аль-Шуайл-тай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсад ажиллах үеэр тус улсын Хот байгуулалт, хөдөө аж ахуйн яам болон Аж үйлдвэр, худалдааны яамтай уулзаж, Монгол Улсаас Бахрейны Хаант Улс руу мах, махан бүтээгдэхүүн болон амьд хонь, ямааны экспортыг эхлүүлэхээр урьдчилан тохиролцож, холбогдох баримт бичгүүдийг солилцоод буй талаар мэдээлэв. Түүнчлэн төслийг харилцан солилцоод буй хоёр улсын хооронд шууд нислэг нээх эрх зүйн орчныг бүрдүүлэх “Агаарын харилцааны тухай Монгол, Бахрейны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд эцэслэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэж, хэлэлцээрийг эцэслэн байгуулснаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын  ажиллагаа төдийгүй аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа өргөжин хөгжихийн чухлыг онцлов.

​Төрийн нарийн бичгийн дарга Хуссайн Ахмед Аль-Шуайл-ийн зүгээс Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахад “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгтэй санал нэгдэж, хэлэлцээрийг хамгийн ойрын хугацаанд байгуулахад бэлэн байгаагаа тэмдэглэв. Мөн Монгол Улсаас Бахрейны Хаант Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортолж эхлэх санаачилгыг сайшааж, махны экспорт ойрын хугацаанд эхлэх тохиолдолд хоёр талын хамтын ажиллагааг хугацаа алдалгүй тогтвортой үргэлжлүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн эрх мэдлийн хүрээнд холбогдох Монгол Улсын холбогдох агаарын тээврийн компаниудад Бахрейны Хаант Улс руу шууд нислэг үйлдэх түр зөвшөөрөл олгох боломжтойг илэрхийлэв.

Мөн хоёр улсын эрс тэс уур амьсгалын ялгааг давуу тал болгож, аялал жуулчлалын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нөөц бололцоо их байгааг онцлов.

​Талууд “Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд эцэслэн байгуулж, шууд нислэг нээх боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохиролцлоо.