ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН “ВАТНАН” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Катар Улсын мах импортлогч “Ватнан” компанийн төлөөлөгч нарыг хүсэлтийн дагуу Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд “Ватнан” компанийн төлөөлөгчид Элчин сайд П.Сэргэлэнг хүсэлтийг хүлээн авч, цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд “Ватнан” компанийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсаас Булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортолж эхэлсэнтэй холбогдуулан тус компани нь Монгол Улсаас Катар Улс руу хөлдөөсөн болон сэврээсэн хонь, ямаа, үхрийн мах болон амьд хонь, ямаа импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Монгол Улсын томоохон мах экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтооход дэмжлэг үзүүлж, эрх зүйн хүрээнд зөвлөгөө өгөхийг хүсэхийн чацуу Элчин сайдыг “Ватнан” компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцахыг албан ёсоор урьж, цаашид Монголын махыг Катарын зах зээлд амжилттай нийлүүлж, таниулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Катар Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүхий л эрх зүйн орчин бүрдэж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж, гарц нээгдээд буйг онцолж, хоёр улсын холбогдох мал эмнэлгийн байгууллагууд Монгол Улсаас Катар Улс руу амьд хонь, ямаа экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохироод буй талаар мэдээлэв.
Мөн энэхүү гэрчилгээг эцэслэн байгуулснаар Монголын чанартай, органик махыг Катар Улсын зах зээлд тогтвортой нийлүүлэх боломж бүрдэхийг тэмдэглэж, Элчин сайдын яамны зүгээс хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө холбогдох бүхий л дэмжлэгийг үзүүлэн ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.
Уулзалтад “Ватнан” компанийн төлөөлөгч Васим Аль-Бахам, Мезан нар болон Элчин сайдын яамны III Нарийн бичгийн дарга Б.Батмэнд нар оролцов.