ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ФУАД МУХАММЕД АЛЬ-АНСАРИ-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Бахрейны их сургуулийн Ерөнхийлөгч Фуад Мухаммед Аль-Ансари-тай уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн агуулга, зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын ирээдүй хойч болсон оюутан, залуусыг дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад өндөр чанартай боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын оюутан, залуусыг Бахрейны их сургуульд бүрэн тэтгэлгээр суралцуулах боломжийг судалж, хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын их сургууль нь Ази судлалын танхимдаа Араб хэлний хөтөлбөр явуулдаг тухай мэдээлж, хоёр улсын хооронд оюутан солилцооны хөтөлбөр хамтран зохион байгуулах, энэ хүрээнд Монгол Улсын их сургууль, Бахрейны их сургууль хооронд байгуулахаар яригдаж буй хамтын ажиллагааны Санамж бичгийг ойрын хугацаанд эцэслэн байгуулах хүсэлтэй байгааг илэрхийллээ.
Бахрейны их сургуулийн Ерөнхийлөгч ноён Фуад Мухаммед Аль-Ансари Бахрейны их сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулаад өмнө тус сургууль нь голчлон Бахрейны болон Булангийн орнуудын иргэдэд чиглэсэн сургалтын хөтөлбөрүүд явуулдаг байсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд олон улс, нэн ялангуяа Азийн орнууд руу чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн талаар онцлов. Энэхүү шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын оюутан, залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, хоёр улсын их сургууль хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах бүрэн боломжтой болсныг тэмдэглэж, Санамж бичгийн хариу төслийг ойрын хугацаанд хүргүүлэхээ нотлов. Мөн тус сургуулийн зүгээс харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан оюутан солилцооны хөтөлбөрүүдийг бусад улс, орнуудтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байдагтай холбогдуулан энэ чиглэлд Монгол Улсын их сургуультай хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов.
Мөн “Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсын оюутан, залууст дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломж олгож байгааг сайшааж, энэ чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг судлан үзэж, хариу ирүүлэхээ нотлов.