images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР,  ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ДОТООД БОЛОН ГАДААД ХУДАЛДАА ХАРИУЦСАН ТУСЛАХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХАМАД БИН САЛМАН АЛЬ-ХАЛИФА-ТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2025-09-30

36

Монгол Улсаа Бахрейны Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Бахрейны Хаант Улсын Аж үйлдвэр, худалдааны яамны дотоод болон гадаад худалдаа хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Хамад бин Салман Аль-Халифа-тай уулзав. Уулзалтад тус яамны харьяа Стандарт, хэмжил зүйн газрын захирал С.Али Шуббар Жавад байлцав. 

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны зүгээс хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд хэрэгжүүлж буй санал, санаачилгуудын талаар танилцууллаа. Тухайлбал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмаар улам бүр хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд эхний ээлжид Монгол Улсаас Бахрейны Хаант Улс руу мах, махан бүтээгдэхүүнболон амьд хонь, ямаа, цаашлаад хүнсний ногоо болон бусад хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнүүдийн экспортыг эхлүүлэх асуудлаар Бахрейны холбогдох байгууллагуудтай яриа хэлэлцээг эхлүүлээд буйг тэмдэглэж, энэ нь Бахрейны Хаант Улсын хүнсний аюулгүй байдлын бодлогод тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг онцлов. 

Мөн хоёр улсын хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулахаар харилцан төслийг солилцож, яриа хэлэлцээг хийж буй талаар мэдээлж, хэлэлцээрийг эцэслэн байгуулснаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа төдийгүй хоёр улсын иргэд хоорондын болон аялал жуулчлалын салбарын харилцаа улам бүр тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын бизнес эрхлэгчид хооронд харилцаа тогтоож, Монгол, Бахрейны хамтарсан бизнес форумыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв. 

Туслах нарийн бичгийн дарга Хамад бин Салман Аль-Халифа Бахрейны Хаант Улсын Гадаад худалдааг хариуцан ажиллаж байгаагийн хувьд Монгол Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд холбогдох бүхий л талын дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлж, энэ хүрээнд цаашид хоёр улсын хамтарсан бизнес форум зохион байгуулах, бизнес эрхлэгчдийн хооронд шууд холбоо тогтоох, Монгол Улсын Халал итгэмжлэлийн гэрчилгээг Бахрейны Хаант Улсад бүртгүүлж, мах, амьд малын экспортыг эхлүүлэх Элчин сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ асуудлаар холбогдох байгууллагуудтай нягт холбоотой ажиллахаа нотлов.