images

МОНГОЛ УЛСААС БАХРЕЙНЫ ХААНТ УЛС РУУ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ ЭХЛҮҮЛНЭ  

Хэвлэлийн мэдээ

2025-09-29

51

Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бахрейны Хаант Улсын Хот байгуулалт, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Др. Ибрахим Юсеф Ахмед, Амьтны эрүүл мэндийн захиргааны захирал бөгөөд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Дэд ерөнхийлөгч Др. Фажер Сабах Аль-Салуум-тай уулзав. 

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын Магадлан итгэмжлэлийн төв (GCC Accreditation Center)-өөс Халал магадлан итгэмжлэлийн гэрчилгээг авч, улмаар Кувейт болон Катар Улсын холбогдох байгууллагуудад бүртгүүлэн эдгээр улсууд руу хонины сэврээсэн махны экспортыг эхлүүлсэн бөгөөд ойрын хугацаанд амьд хонь, ямааны экспортыг эхлүүлэхээр эрүүл мэндийн гэрчилгээг тохироод буй талаар мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Монгол, Бахрейны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид экспорт, импортыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсаас Бахрейны Хаант Улс руу мах, махан бүтээгдэхүүн болон амьд хонь, ямааны экспортыг эхлүүлэх хүсэлтэй байгааг тэмдэглэж, Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газраас ирүүлсэн албан хүсэлтийг холбогдох эрүүл мэндийг гэрчилгээний загваруудын хамт гардуулан өгөв. 

Туслах нарийн бичгийн дарга Др. Ибрахим Юсеф Ахмед Бахрейны Хаант Улсын Хүнсний аюулгүй байдлын бодлогыг дэмжиж, импортын бараа, бүтээгдэхүүн, нэн ялангуяа махны импортыг төрөлжүүлэх хүрээнд Монгол Улсаас мах импортлох асуудлыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд Монголын мал эмнэлгийн Ерөнхий газартай ойрын хугацаанд цахим уулзалт хийж, гэрчилгээний нөхцөлүүдийг тохирох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр талын мах экспортлогч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд холбоо тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх нь зүйтэйг онцлов. 

Др. Фажер Сабах Аль-Салуум Бахрейны Засгийн газраас хийсэн шинэ өөрчлөлтийн дагуу Хот байгуулалт, хөдөө аж ахуйн яам нь махны импортын талаарх бүхий л эрх зүйн баримт бичгүүдийг байгуулж, Халал гэрчилгээг бүртгэн авдаг болсон талаар мэдээлж, Монголын Мал эмнэлгийн Ерөнхий газраас ирүүлсэн эрүүл мэндийн гэрчилгээнүүдийг судлан үзэж, төлөвлөж буй цахим уулзалтын үеэр дэлгэрэнгүй санал солилцож, ойрын хугацаанд эцэслэн тохирох боломжтойг тэмдэглэв

Талууд Монгол Улсын Халал итгэмжлэлийн гэрчилгээг тус яаманд бүртгүүлж, мөн мах, махан бүтээгдэхүүн болон амьд хонь, ямаа экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг ойрын хугацаанд тохирон махны экспортыг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тохиролцлоо. 

Бахрейны Хаант Улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдсэнээр тус Элчин сайдын яамны суугаа болон хавсран суугаа орнууд болох Кувейт, Катар, Бахрейн Улсын махны зах зээл Монгол Улсын мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд бүрэн нээлттэй болж буй юм.