ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН ГАЗРЫН ДАРГА МУНИРА АЛЬ-ДОСЕРИ-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын дарга Мунира Аль-Досери-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломжуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол, Бахрейны харилцаа улам бүр идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөдөө аж ахуй, мэл эмнэлэг, спорт, тээвэр, боловсрол зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг дээрх салбаруудад өргөжүүлэхэд байгуулах явцдаа буй “Агаарын харилцааны тухай хэлэлцээр Монгол, Бахрейны Засгийн газар хоорондын хэлэлцээр” чухал ач холбогдолтой болохыг онцолж, хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэхийн зэрэгцээ 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсантай холбогдуулан цаашид бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрийг байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улс Булангийн орнууд руу Халал бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдэж, Булангийн магадлан итгэмжлэлийн төвөөс Халал итгэмжлэл авсантай холбогдуулан Монгол Улсаас Бахрейн Улс руу махны экспортыг эхлүүлэх, энэ хүрээнд мах, махан бүтээгдэхүүн болон амьд хонь, ямаа экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг Бахрейны холбогдох байгууллагатай тохирох хүсэлтэй байгааг илэрхийллээ.
Азийн газрын дарга Мунира Аль-Досери хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа маш бага, сүүлийн жилүүдэд уналттай байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд махны экспортыг эхлүүлэх Элчин сайдын саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд холбоо тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” болон “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр”-ийг байгуулах асуудлаар Бахрейны холбогдох байгууллагуудтай нягт холбоотой ажиллахаа нотлов.
Үүнээс гадна талууд хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2025 онд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулах, мөн 2025 оны 10 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейны Хаант Улсын Манама хотноо зохион байгуулагдах “Азийн залуучуудын наадамд”-д монголын баг, тамирчид оролцоход логистик, бэлтгэл ажлын асуудал дээр хамтран ажиллах, Монгол Улсын их сургууль, Бахрейны их сургууль хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, тохиролцоонд хүрэв.