images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУЙВЕЙТИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД БОЛОХ “TIMES KUWAIT”, “Q8”, “AL-RAI” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2025-09-25

48

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Кувейтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болох “Times Kuwait” компанийн эрхлэгч редактор Ривен Д’Соуза, зар сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны захирал Вилсон Д’Кунча, “Q8”, “Al-Rai” сонины удирдах албан тушаалтан Халед Аль-Шаркави нарыг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсыг Кувейт Улсад сурталчлан таниулах чиглэлээр сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж байсанд талархал илэрхийлээд тус Элчин сайдын яамны зүгээс сүүлийн үед хийж, хэрэгжүүлсэн ажлууд, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулав. Түүнчлэн энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ чухал жил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тус ЭСЯ-наас хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээнүүдийг төдийгүй Монгол Улсын аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг боломж, бололцоо, зах зээлийг Кувейт Улсын иргэд, төр, хувийн хэвшлүүдэд таниулахын чухлыг онцолж, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын хүрээнд талууд долоо хоног бүр Монгол Улсыг Кувейт Улсад сурталчлан таниулахаас гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, ЭСЯ-ны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, контент бэлтгэж, эдгээр байгууллагуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлж байхаар тохиролцов.