ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ КУВЕЙТИЙН САНГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ВАЛИЙД АЛЬ-БАХАР-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-тай уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Арабын Эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангаас Монгол Улсын эрүүл мэнд, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийн чухал төслүүдэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож байсан явдалд талархал илэрхийлж, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хархорум хотын бүтээн байгуулалт эхлээд байгаатай холбогдуулан Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ автозамыг Кувейтийн сан болон бусад Булангийн орнуудын сангуудтай хамтран хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулагчдын хамтарсан уулзалт зохион байгуулж, зээлийн хэлэлцээрийг эхлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-ын зүгээс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж, цаашид ч хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Булангийн орнуудын бусад сангуудыг хамарсан уулзалт зохион байгуулах боломж, товын талаар мэдээлэл өгөв.
Түүнчлэн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар 2025 оны 7 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Өндөрхаан нисэх онгоцны буудлын нээлтийн ажиллагаанд оролцох үеэр Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Д.Дэлгэрсайхан нартай хийсэн уулзалт үр дүнтэй байсныг тэмдэглэж, энэ үеэр гардан авсан Улаанбаатар-Лүн чиглэлийн автозамын төслийн ТЭЗҮ, зээлийн хүсэлтийн хариуг ойрын хугацаанд хүргүүлэхээ нотлов. Мөн цаашид Улаанбаатар-Лүн чиглэлийн автозамын төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Кувейтийн сангийн зүгээс холбогдох дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.