ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД САМИЙХ ИССА ЖОХАР ХАЯАТ-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан туслах сайд Самийх Исса Жохар Хаяат-тай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс хэрэгжүүлж буй болон он дуустал хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулахын зэрэгцээ Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын үйл явцын талаар мэдээлэл өгөв.
Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааны чухал механизмуудын нэг болох Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтын товыг эцэслэн тохирч, Туслах сайд Самийх Исса Жохар Хаяат-ыг Улаанбаатар хотноо хүлээн авч, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцааг “Өргөтгөсөн түншлэл”-д аваачих хамтын ажиллагааны замын зураглалын төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирох асуудлаар санал солилцов.
Азийн асуудал хариуцсан туслах сайд Самийх Исса Жохар Хаяат-ын зүгээс хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд махны экспортыг улам бүр нэмэгдүүлэх хүрээнд холбогдох уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах болон Монгол, Кувейтийн харилцааг “Өргөтгөсөн түншлэл”-д хүргэх хамтын ажиллагааны замын зураглалыг эцэслэхэд холбогдох бүхий л талын дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа нотлов.
Уулзалтын үр дүнд талууд Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яам хоорондын дөрөв дэх удаагийн Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах товыг тохирч, мөн байгуулах явцдаа буй зарим баримт бичгүүдийг эцэслэх, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой зарим албан уулзалтуудыг зохион байгуулах чиглэлээр нягт холбоотой ажиллахаар тогтов.