images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ АЛЬ-ЖОХАРА ЮСЕФ ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2025-09-18

51

​Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Аль-Жохара Юсеф Фахру-тай 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яаманд уулзалт хийв.

​Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр тус улсын бусад яам, байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж буй талаар болон Катар Улсад ажиллах үеэр хийсэн уулзалтууд, түүний үр дүнгийн талаар танилцуулав.

​Түүнчлэн хоёр улсын хооронд боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, нийгэм хамгаалал, гааль, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, байгаль орчин зэрэг нийт 10 гаруй салбарт хамтран ажиллах баримт бичгүүдийг байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан баримт бичгүүдийн явцын мэдээллийг өгч, ойрын хугацаанд эцэслэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

​Азийн газрын захирал Аль-Жохара Юсеф Фахру Элчин сайдын хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг сайшааж, холбогдох баримт бичгүүдийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохироход холбогдох дэмжлэгийг үзүүлэхээ нотлов.