images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН СПОРТ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЯСИР БИН АБДУЛЛА БИН АХМЕД АЛЬ-ЖАМАЛ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Катар Улсын харилцаа

2025-09-18

49

​Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Катар Улсын Спорт, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ясир бин Абдулла бин Ахмед Аль-Жамал-тай уулзаж, хоёр улсын спорт, залуучуудын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын мэндчилгээг уламжилж, хоёр талаас эцэслэн тохиролцоод буй Спортын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах товын талаар санал солилцов. Түүнчлэн дэлхийд томоохонд тооцогдох Катар Улсын “Aspire Academy for Sports Excellence”-г байгуулсан туршлагаас суралцах, үүнтэй ижил төрийн академийг Монгол Улсад байгуулахад хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний талаар товч танилцуулав.

​Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд спортын салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэхийг илэрхийлээд цаашид хоёр улсын спортын холбоо хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын тамирчид хооронд хамтарсан бэлтгэл зохион байгуулах, шүүгч, дасгалжуулагч, техникийн ажилтнуудыг хамруулсан болон залуучуудад чиглэсэн мэргэжил дээшлүүлэх сургалт, хөтөлбөр зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

​Төрийн нарийн бичгийн дарга Ясир бин Абдулла бин Ахмед Аль-Жамал Катар Улсын бүхий л олимп, үндэсний шигшээ багийн тамирчид “Aspire Academy for Sports Excellence”-аас гарч ирсэн байдаг талаар мэдээлж, тус академийн үйл ажиллагаа, менежментийн талаар танилцуулав. Мөн Монгол Улсад ижил төрлийн академи байгуулахад хамтран ажиллах боломжтойг тэмдэглэж, цаашид энэ асуудлаар нягт холбоотой хамтран ажиллахаа нотлов.

Мөн уулзалтын үеэр дурдсан Элчин сайдын тамирчдын хамтарсан бэлтгэл, хөтөлбөр зохион байгуулах санал, санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.

​Талууд спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Катарын Засгийн газар хоорондын хэлэлцээрт төлөвлөж буй айлчлалын үеэр гарын үсэг зурах, Монгол Улсад ижил төрлийн академи хамтран бүтээн байгуулах боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохирлоо.