ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД ДР. АБДУЛЛА БИН АБДУЛАЗИЗ БИН ТУРКИ АЛЬ-СУБАЙЕ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Катар Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Др.Абдулла бин Абдулазиз бин Турки Аль-Субайе-тай уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын халуун дотно мэндчилгээг уламжлахын зэрэгцээ Монгол Улс 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Улаанбаатар хотноо хүлээн авч, зохион байгуулах тухай мэдээлж, олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулах арвин туршлагатай Катар Улсын туршлагаас хуваалцах, зохион байгуулалтад хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар товч танилцуулаад Абу Даби хотноо зохион байгуулагдах “Дэлхийн байгаль хамгааллын конгресс”-ын үеэр хоёр улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарын хоёр талын уулзалтыг зохион байгуулж, улмаар сайд Б.Батбаатарын Катар Улсад хийх айлчлалын товыг тохирох, мөн хоёр улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хооронд байгуулах явцдаа буй Санамж бичгийг эцэслэх талаар санал солилцохын зэрэгцээ Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын ойн санд их хэмжээний хохирол учруулж буй ойн хортон шавжийг устгах чиглэлээр Катар Улстай хамтран ажиллаж, дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Катар Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Др.Абдулла бин Абдулазиз бин Турки Аль-Субайе Монгол Улс COP17 бага хурлыг хүлээн аван зохион байгуулахаар болсонд баяр хүргэж, энэхүү бага хурлыг амжилттай зохион байгуулахад Катар Улсын Байгаль орчин, уур амьсгалын яамнаас хэрхэн, ямар чиглэлд хамтран ажиллах боломжтойг тодорхойлж, улмаар холбогдох дэмжлэгийг үзүүлэх боломжтойг илэрхийлэв.
Түүнчлэн хоёр талын сайд нарын уулзалтыг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын Катар Улсад хийх айлчлалын зохион байгуулах саналыг дэмжиж байгаагаа тэмдэглэхийн зэрэгцээ ойн хортон шавж устгах чиглэлд хамтран ажиллах боломж, бололцоог судлан үзэхээ нотлов.
Мөн талууд хоёр улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар тохиролцов.