ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ ИБРАХИМ ЮСЕФ АБДУЛЛА ФАХРУ-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Катар Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Ибрахим Юсеф Абдулла Фахру-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн Ёслолын газрын захирал Ибрахим Юсеф Абдулла Фахру хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Элчин сайдын яамны Катар Улсад явуулж буй үйл ажиллагаанд байнгын дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлэв. Мөн Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсад ажиллах хугацаанд холбогдох төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хийж буй уулзалтууд, түүний үр дүнгийн талаар болон Элчин сайдын яамнаас сүүлийн үед хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Ёслолын газрын захирал Ибрахим Юсеф Абдулла Фахру-гийн зүгээс Монгол, Катарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байдагаа илэрхийлж, цаашид ч үргэлжлүүлэн холбогдох бүхий л дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Талууд харилцан айлчлал зохион байгуулах, Катар Улсад зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд Монгол Улсаас төлөөлөгч оролцуулах, хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой зарим уулзалтыг зохион байгуулах зэрэг тодорхой асуудлуудаар санал солилцож, тохиролцоонд хүрэв.