ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН “ВИДАМ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АБДУЛРАХМАН АЛЬ-ХАЯАРИН-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын томоохон мах ханган нийлүүлэгч “Фидам” компанийн Гүйцэтгэх захирал Абдулрахман Аль-Хаяарин-тай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөс Халал зөвшөөрөл олгох магадлан итгэмжлэл амжилттай хийлгүүлж, үүнийг Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд 2024 оны 4 дүгээр сард бүртгүүлснээр Монгол Улсаас Катар Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрэн бүрдсэн талаар мэдээлж, Монгол Улсын мал аж ахуйн салбар, махны экспортын өнөөгийн нөхцөл байдал, болон монгол махны ашиг шим, чанарын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсаас Булангийн орнуудад, тэр дундаа анх удаагаа Кувейт Улсад 2024 оны 10 дугаар сараас эхлэн хонины шинэ сэврээсэн мах экспортолж эхэлсэн бөгөөд монгол махны амт, чанарт хэрэглэгчид сэтгэгдэл өндөр байгааг тэмдэглэхийн зэрэгцээ тус компанийг Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох боломжийн талаар судлахыг санал болгов. Мөн Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Хот байгуулалтын сайд болон Хот байгуулалтын яамны Хөдөө аж ахуй, Хүнсний аюулгүй байдал хариуцсан туслах Нарийн бичгийн дарга нартай уулзалт хийх үеэр Монгол Улсаас Катар Улс руу махны экспортыг ойрын хугацаанд эхлүүлэх, амьд мал экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг эцэслэхээр харилцан тохиролцсон талаар мэдээлэв.
Гүйцэтгэх захирал Абдулрахман Аль-Хаяарин “Видам” компанийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, Монгол Улсаас Катар Улс руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлэв. Мөн Катар Улсын хүнсний аюулгүй байдлыг дэмжих, хэрэглэгчдийн махны сонголтыг улам бүр төрөлжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, тэр дундаа амьд хонь, яамаа импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, цаашид үүнийг ажил хэрэг болгохын төлөө Элчин сайдын яам болон Катар Улсын бусад холбогдох төрийн байгууллагуудтай нягт холбоотой ажиллахаа нотлов.
“Видам” компани нь Катар Улсын махны хэрэгцээний 90 орчим хувийг дангаар хангаж, 25 гаруй улсаас мах, махан бүтээгдэхүүн болон амьд мал импортолж буй тус улсын хамгийн том мах ханган нийлүүлэгч байгууллага юм.