ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР УЛСЫН ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД АБДУЛЛА БИН ХАМАД БИН АБДУЛЛА АЛЬ-АТТИЯА-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын Хот байгуулалтын сайд Эрхэмсэг ноён Абдулла бин Хамад бин Абдулла Аль-Аттияа-тай уулзаж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Катар Улсын Хот байгуулалтын яамны Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хариуцсан туслах Нарийн бичгийн дарга Энг. Фахад Муухаммад Аль-Кахтани, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Хамад Хади Аль Берайди Аль-Марри нар байлцав.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн хоёр улсын нийслэл хот хооронд эгч дүү хотын харилцаа тогтоох, Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичгүүдийг эцэслэн байгуулахад бэлэн болсон талаар мэдээлж, баримт бичгүүдийг Монгол Улсаас Катар Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр гарын үсэг зурах саналтай байгаагаа тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар шинээр байгуулагдах Хархорум хотын бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, Улаанбаатар, Доха хотын хооронд төдийгүй Катар Улсын шинэ, ухаалаг хот болох Лусайл хот, Хархорум хот хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж, харилцан туршлага судлахаар өмнө тохирсны дагуу Монгол Улсаас Катар Улсад хийх холбогдох төлөөлөгчдийн айлчлалыг ойрын хугацаанд зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ.
Мөн хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой махны экспортыг холбогдох аж ахуйн нэгжүүд ойрын хугацаанд эхлүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа талаар мэдээлж, энэ хүрээнд Монгол махыг Катар Улсын зах зээлд танилцуулах нээлтийн арга хэмжээг төлөвлөж буй дээд, өндөр түвшний айлчлалын үеэр зохион байгуулах тухай мэдээлэв. Үүнээс гадна Монгол Улсаас Катар Улс руу амьд хонь, ямаа экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг тохирч, хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
Катар Улсын Хот байгуулалтын сайд Абдулла бин Хамад бин Абдулла Аль-Аттияа нь Монгол Улс болон Катар Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хот байгуулалтын салбар дахь хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотолж, харилцан тохиролцсон Санамж бичгүүдийн үр дүнд хамтын ажиллагаа шат ахина гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов. Мөн Элчин сайдын саналыг хүлээн авч, Монгол Улсаас Катар Улс руу амьд мал экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг ойрын хугацаанд тохирч, экспортыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Катар Улсын томоохон форумуудын нэг болох Гурав дахь удаагийн Катарын Үл хөдлөх хөрөнгийн форумыг 2025 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Доха хотноо зохион байгуулах тухай мэдээлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Хархорум хотын захирагч Л.Халтар нарыг дээрх форумд урилгаар оролцуулах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Уг арга хэмжээний үеэр хоёр улсын хотуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүд байгуулах, мөн туршлага солилцох уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах саналтай байгаагаа тэмдэглэв.
Мөн хоёр улсын Хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх хүрээнд 2026 оны 2 дугаар сард Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдах “AgriteQ 2026” олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын Хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчдийг оролцуулах, мөн Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэнг энэ үеэр зохион байгуулах саналтай байгаагаа мэдэгдэж, албан ёсны урилгыг ойрын хугацаанд хүргүүлэхээ нотлов.
Талууд Катарын Үл хөдлөх хөрөнгийн форум, “AgriteQ 2026” олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас төлөөлөгч оролцуулах болон хамтын ажиллагааны Санамж бичгүүдийг эцэслэн байгуулах, амьд малын экспортын эрүүл мэндийн гэрчилгээг ойрын хугацаанд тохирох чиглэлээр нягт холбоотой ажиллахаар тохиролцов.