ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ ЭЙРВЭЙС КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА АБДУЛМОХСЕН САЛЕМ АЛЬ-ФАГААН-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 10-ныөдөр Кувейт Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч Кувейт Эйрвэйс компанийн ТУЗ-ын дарга Абдулмохсен Салем Аль-Фагаан-тай тус компанийн төв байранд уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд Элчин сайдын яамны зүгээс хэрэгжүүлж буй санал, санаачилгууд, махны экспортын явц, мөн Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Элчин сайдын яамнаас хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг танилцууллаа.
Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй шинэ сэврээсэн махны экспортын хэмжээг нэмэгдүүлж, экспортыг тогтмолжуулахад тээврийн хөлс өндөр байгааг багасгах зорилгоор МИАТ, Кувейт Эйрвэйсийн хооронд байгуулахаар төлөвлөж буй “Special Prorate Agreement”-ыг ойрын хугацаанд эцэслэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж, цаашид экспортын хэмжээ нэмэгдсэнээр Кувейт Улсын хүнсний аюулгүй байдал төдийгүй Монгол Улсын Эдийн засаг болонхоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлэх боломжтойг тэмдэглэв.
Түүнчлэн хоёр улсын хооронд карго болон захиалгат нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хамтын ажиллагааны тухай МИАТ, Кувейт Эйрвэйс хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулах асуудлаар санал солилцож, ойрын хугацаанд төслийг харилцан судалж, байгуулахаар тохиролцов. Мөн Монгол Улсын мал эмнэлгийн Ерөнхий газар, Кувейт Улсын Хөдөө аж ахуй, загасны нөөцийн газар хооронд Монгол Улсаас Кувейт Улс руу амьд хонь, ямаа экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг тохиролцсон талаар мэдээлж, уг экспортод Кувейт Эйрвэйстэй явуулж буй хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлов.
Үүнээс гадна Монгол Улсын Футзалын шигшээ баг 2025 оны 09 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Эль-Кувейт хотноо зохион байгуулагдах Азийн Футзалын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглохоор Кувейт Улсад ирэх тухай мэдэгдэж, Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазараас Кувейт Эйрвэйсийн ТУЗ-ын дарга Абдулмохсен Салем Аль-Фагаан-д илгээсэн захидлыг гардуулж, тамирчдын логистикийн асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Кувейт Эйрвэйс компанийн ТУЗ-ын дарга Абдулмохсен Салем Аль-Фагаан-ы зүгээс МИАТ компанитай байгуулах явцдаа байгаа “Special Prorate Agreement”-ыг ойрын хугацаанд эцэслэн байгуулахад анхаарал хандуулахаа илэрхийлэхийн зэрэгцээ карго, захиалгат нислэг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх МИАТ, Кувейт Эйрвэйсийн хооронд Санамж бичигбайгуулах саналыг хүлээн авч, монголын талаас ирүүлэх төслийг судлан үзэж, богино хугацаанд хариу хүргүүлэхээ нотлов.
Мөн Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнүүдэд Элчин сайдын яамтай хамтран оролцох боломжтойг тэмдэглэж, Монгол Улсыг Кувейт Улсад, Кувейт Улсыг Монгол Улсад харилцан сурталчлах чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн талууд 2025 оны 1 дүгээр сард эцэслэн байгуулсан Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг нээх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохирлоо.
Уулзалтын төгсгөлд Кувейт Эйрвэйс компани нь Монгол Улсын Футзалын шигшээ баг Кувейт Улсад 2025 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах Азийн Футзалын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд амжилттай оролцоход дэмжлэг үзүүлэх хүрээнд тус компанийн зүгээс нийт 18 хүний дамжин нисэх цэгээс Кувейт Улс руу нисэх онгоцны билетийн зардлыг бүрэнхариуцахаар шийдвэрлэж байгаагаа илэрхийлж, баг хамт олон амжилт хүслээ.