images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН СОЁЛ, УРЛАГ, УТГА ЗОХИОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МУХАММАД ХАЛИД АЛЬ-ЖАССАР-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-06-02

15

Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Кувейт Улсын Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мухаммад Халид Аль-Жассар-тай уулзаж, хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны 2024 онд хийж, хэрэгжүүлсэн соёлын арга хэмжээ, түүний ач холбогдлын талаар товч танилцуулж, Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлийн зүгээс 2023 онд урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн үзэсгэлэн, үндэсний хувцасны загварын шоу зэргийг багтаасан “Монголын өдрүүд” цогц соёлын арга хэмжээг Эль-Кувейт хотноо зохион байгуулж, Монгол Үндэсний соёл, урлагийг Кувейтийн ард түмэнд таниулахад томоохон дэмжлэг үзүүлж байсан явдалд талархал илэрхийлэв.

Түүнчлэн энэ онд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд 2025 оны 11 дүгээр сард 50 жилийн ойн хүлээн авалт, үндэсний урлагийн тоглолт, хоолны фестиваль, уран зургийн үзэсгэлэн, Монгол Улсын нэрэмжит морин уралдаан болон ноос, ноолууран үндэсний бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ хоёр улсын түүх, соёлыг харуулсан баримтат нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байгааг мэдээлж, хоёр улсын соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүсэв. Мөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Кувейтийн Соёл, урлаг, утга зохиолын үндэсний зөвлөл хооронд хамтран ажиллах Санамж бичгийг ойрын хугацаанд эцэслэж, гарын үсэг зурахад бэлэн болгох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мухаммад Халид Аль-Жассар нь Элчин сайдын яамны зүгээс хоёр улсын соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, монголын түүх, соёлыг кувейтийн ард түмэнд таниулах чиглэлээр идэвхтэй авч хэрэгжүүлж буй ажлуудыг сайшаагаад Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгын дагуу цуврал арга хэмжээ болох “Монголын соёлын долоо хоног”-ийг энэ оны сүүлээр Эль-Кувейт хотноо хамтран зохион байгуулах боломжтойг тэмдэглээд боломжит товын талаар санал солилцов. Мөн соёлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд хүргүүлэхээ нотлов.

Талууд 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Монголын соёлын долоо” хоног цуврал арга хэмжээнүүдийг Эль-Кувейт хотноо зохион байгуулах, соёлын салбарын хамтын ажиллагааны баримт бичгийг ойрын хугацаанд эцэслэхээр тохиролцов.