МОНГОЛ, КАТАРЫН ПАРЛАМЕНТЫН НАЙРАМДЛЫН БҮЛГИЙН ДАРГА НАР УУЛЗАЛТ ХИЙВ
Монгол Улсын Их хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Катарын найрамдлын бүлгийн дарга А.Ганбаатар Катар Улсын Шура зөвлөл дэх Катар, Монголын найрамдлын бүлгийн дарга Эрхэмсэг ноён Ахмед бин Хитми Аль-Хитми-тэй 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Катар Улсын Шурагийн зөвлөлийн төв байранд уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар оролцов.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ганбаатар Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу 126 гишүүнтэй болон өргөжсөн Улсын Их Хурал болон 2024 оны ээлжит сонгуулийн дараа шинэчлэн байгуулагдсан Монгол Улсын Их хурал дахь Монгол, Катарын бүлгийн талаар танилцуулав. Түүнчлэн Монгол, Катарын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, спорт, аялал жуулчлал, боловсрол, зам тээвэр болон бусад харилцан сонирхсон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлэг хоорондын нягт хамтын ажиллагаа болон дээд, өндөр түвшний уулзалт, харилцан айлчлалын давтамжийг хадгалах нь чухал болохыг онцлон тэмдэглэв.
Мөн Шура зөвлөл дэх Монгол, Катарын Парламентын найрамдлын бүлгийн дарга Ахмед бин Хитми Аль-Хитми болон бүлгийн гишүүдийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьж, энэ үеэр хоёр улсын парламентын найрамдлын бүлэг хоорондын ээлжит уулзалтыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг танилцуулахын зэрэгцээ хоёр улсын хооронд шууд нислэг нээх эрх зүйн орчиж бүрдэж, “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг байгуулсан, мөн Монгол Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн магадлан итгэмжлэлийн төвөөс Халал зөвшөөрөл олгох магадлан итгэмжлэлийг авч, Катар Улсын Нийтийн эрүүл мэндийн яаманд бүртгүүлснээр Монгол Улсаас Катар Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх зүйн орчин бүрдэж, махны нээлтийг хийхэд бэлэн болсон талаар мэдээлэв. Түүнчлэн бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Улаанбаатар, Доха хотын хооронд эгч дүү хотын харилцаа тогтоох тухай Санамж бичиг болон соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал, байгаль орчин, батлан хамгаалах, нийгэм хамгаалал, гааль, радио телевиз, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, радио телевиз зэрэг салбарт хамтран ажиллах нийт 18 баримт бичгийг байгуулахад бэлэн болж, эцэслэн тохироод байгаа талаар мэдэгдэв.
Мөн хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Катар Эйрвэйс компани Монгол Улсын охид, залуусыг бүхээгийн ажилтнаар шалгаруулан авч сурган ажиллуулж, мөн Монгол нисгэгч, инженер, техникийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулж байгаа нь Монгол Улсын агаарын тээврийн хөгжилд чухал нэмэр болж байгааг онцлов.
Шура зөвлөлийн гишүүн Ахмед бин Хитми Аль-Хитми УИХ-ын гишүүн А.Ганбааратыг Катар Улсад ажлын айлчлал хийж, Шура зөвлөлийн байранд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Шура зөвлөл дэх Катар, Монголын Парламентын найрамдлын бүлгийн зүгээс Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа бөгөөд энэ хүрээнд уулзалтын үеэр яригдсан бүхий л зүйлсийг ажил хэрэг болгох хүрээнд Катар Улсын холбогдох салбарын төрийн байгууллагуудтай холбоотой ажиллахаа нотлов. Түүнчлэн Монгол Улсад айлчилж, энэ үеэр хоёр улсын Парламентын найрамдлын бүлэг хоорондын уулзалтыг зохион байгуулах УИХ-ын гишүүн А.Ганбаатарын урилгыг таатай хүлээн авч, энэ оны зуны улиралд айлчлалыг хэрэгжүүлэн бүлэг хоорондын уулзалтыг зохион байгуулах боломжтойг илэрхийлэв.
Үүнээс гадна Катар Улсад зохион байгуулагдаж буй томоохон олон улсын хурал, үзэсгэлэн болон бусад төрлийн арга хэмжээнд Монгол Улсаас төлөөлөл бага оролцож буй нь ажиглагдаж буй талаар мэдээлж, цаашид оролцоог нэмэгдүүлэх, мөн хоёр улсын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээг сайшааж, цаашид бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотлов.
Талууд Шура зөвлөлийн гишүүдийн Монгол Улсад хийх айлчлалыг 6 эсхүл 7 дугаар сарт багтаан хэрэгжүүлж, хоёр улсын парламентын найрамдлын бүлэг хоорондын ээлжит уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, Катар Улсад зохион байгуулагдах томоохон арга хэмжээнүүдэд Монгол Улсаас төлөөлөл оролцуулах чиглэлээр хамтран ажиллах тохиров.