images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КАТАР ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ОРОЛЦОВ

Монгол, Катар Улсын харилцаа

2025-05-22

18

Элчин сайд П.Сэргэлэн “Дэлхийн эдийн засгийн шинэчлэл” сэдвийн дор 2025 оны 5 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдсан 5 дахь удаагийн “Катарын Эдийн Засгийн Форум”-д оролцов.

​Элчин сайд форумд оролцох үеэр Крипто ба Дижитал Хөрөнгө, Шинэ эрин үеийн хөрөнгө оруулалт салбар хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч, “BitOasis” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Ола Доудин, Кувейтийн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчид, Катарын хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчид, форумыг зохион байгуулагч “Bloomberg” телевизийн хөтлөгч Жоуманна Берсетче, Катар Медиа Сити-гийн Гадаад харилцааны албаны дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын хэмжээнд харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

​Түүнчлэн “Катар Эдийн Засгийн Форум”-ыг зохион байгуулах дээд хорооны дарга бөгөөд Катар Медиа Сити-гийн Гүйцэтгэх захирал Жассим Мухаммад Аль-Хори-тай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Катар Улсын Эмир Тамим бин Хамад Аль-Тани энэхүү бүс нутгийн томоохон, чухал форумуудыг нэг болох “Катар Эдийн Засгийн Форум”-д оролцохыг урьж, албан ёсны урилга ирүүлсэн явдалд талархал илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

​​​​​Энэхүү 5 дахь удаагийн Катар Эдийн Засгийн Форумд улс орнуудын төр, засгийн тэргүүн, засгийн газрын төлөөлөгчид, дэлхийн томоохон компаниудын удирдлагууд, хөрөнгө оруулагчид болон технологи, эрчим хүч, хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд зэрэг нийт 124 орны 1500 гаруй төлөөлөл оролцов. Түүнчлэн форумын хүрээнд 50 гаруй салбар хэлэлцүүлэгт нийт 115 гаруй илтгэгч оролцож, дэлхийн геополитик, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэл болон инновац зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.