ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН 45 ДАХЬ УДААГИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ҮЕЭР СУУГАА БОЛОН ХАВСРАН СУУГАА ОРНУУДЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НАРТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Азийн Олимпын Зөвлөлийн 45 дахь удаагийн Ерөнхий Ассамблейн үеэр Катар Улсын Олимпын Хорооны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль-Тани, Кувейт Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Шейх Фахад Нассер Аль-Сабах, Бахрейны Хаант Улсын Олимпын хорооны Дэд ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Иса бин Али-Аль-Халифа нартай уулзав.
Кувейтийн Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Шейх Фахад Нассер Аль-Сабах-тай уулзах үеэр хоёр улсын Олимпын хороод хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх хүрээнд Санамж бичиг байгуулах, мөн Монгол, Кувейтийн спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, бололцоог эрэлхийлэн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Шейх Фахад Нассер Аль-Сабах-ын зүгээс хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх, Санамж бичиг байгуулах, харилцан туршлага солилцохыг дэмжиж, цаашид энэ асуудлаар холбоотой ажиллахаа нотлов. Түүнчлэн энэ үеэр Шейх Фахад Нассер Аль-Сабах Монголын соёлын асарт зочилж, морин хуур, хөөмийн үзүүлбэр болон үндэсний өв соёлын үзэсгэлэнтэй танилцсан бол Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын соёлын асраар зочилж, кувейтийн өв соёл, үндэсний хэв шинж агуулсан үзэсгэлэнтэй танилцлаа.
Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль-Тани-тай уулзах үеэр Монголын Үндэсний Олимпын хороо, Катарын Үндэсний Олимпын хороо хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар төслөө харилцан солилцож, гарын үсэг зурахад бэлэн болсныг мэдээлэхийн зэрэгцээ өмнө Катарын талтай ярьж, тохирсны дагуу тамирчдын хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах, Катар Улсад багш, дасгалжуулагч бэлтгэх асуудлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Шейх Жоаан бин Хамад Аль-Тани-гийн зүгээс Элчин сайдын бүхий л санал, санаачилгыг дэмжиж буй бөгөөд цаашдын хамтын ажиллагаанд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Бахрейны Үндэсний Олимпын хорооны Дэд ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Иса бин Али Аль-Халифа, Ерөнхий нарийн бичгийн дарга Фарис Мустафа Аль-Кохежи нартай уулзах үеэр 2025 оны 10 дугаар сард Бахрейны Хаант Улсад зохион байгуулагдах Азийн залуучуудын наадамд Монгол Улсын баг, тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулалт, логистик болон бусад асуудлаар нягт холбоотой хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Эрхэм дээд Шейх Иса бин Али Аль-Халифа Азийн наадамд Монгол Улсын баг, тамирчид амжилттай оролцоход бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд Монголын соёлын асраар зочилж, үндэсний язгуур хөгжим морин хуур, хөөмийн үзүүлбэрийг үзэж сонирхов.
Элчин сайд П.Сэргэлэн суугаа болон хавсран суугаа орнуудын Олимпын хороодын Ерөнхийлөгч нартай уулзаж, эдгээр орнуудтай спортын салбарын хамтын ажиллагааг эхлүүлж, цаашид улам бүр бэхжүүлэх хүрээнд Олимпын хороод хооронд Санамж бичиг байгуулах, мөн туршлага солилцож, тамирчдын хамтарсан бэлтгэл зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.