images

АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН 45 ДАХЬ УДААГИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ

Хэвлэлийн мэдээ

2025-05-12

17

​Эль-Кувейт хотноо 2025 оны 5 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн олимпын зөвлөлийн 45 дахь удаагийн Ерөнхий Ассамблейд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

​Азийн Олимпын Зөвлөлийн 45 дахь удаагийн энэхүү Ерөнхий Ассамблейд 45 орны Үндэсний олимпын хороодын төлөөлөл, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын спортын холбоод оролцож, 2025 онд Бахрейны Хаант Улсад зохион байгуулагдах Азийн залуучуудын наадам, 2026 онд Япон Улсын Нагояа зохион байгуулагдах Азийн наадам, 2026 онд Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдах Азийн танхимын наадам, 2029 онд Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдах Азийн өвлийн наадмын зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй санал солилцохын зэрэгцээ Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Ерөнхийлөгч Витольд Банка, БНХАУ-д болох Ханжоу 2023 Азийн зуны наадам болон Харбин 2025 Азийн өвлийн наадмыг зохион байгуулах хороодын илтгэлтэй танилцав.

​Түүнчлэн Кувейт Улсад зохион байгуулагдсан энэхүү 45 дахь удаагийн Ерөнхий Ассамблейн үеэр Монгол Улсыг гадаад оронд сурталчлан таниулах ажлын хүрээнд Монгол нүүдэлчин өв соёлыг харуулсан үзэсгэлэн зохион байгуулахын зэрэгцээ үндэсний язгуур хөгжим морин хуур, хөөмий зэрэг урлагийн үзүүлбэрийг толилуулж, Ерөнхий Ассамблейд оролцож буй олон улсын төлөөлөгчид үзэж сонирхлоо.