images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЗАГАСНЫ НӨӨЦИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ГАЗРЫН ДАРГА МУХАММАД АЛЬ-КАМАЛ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-05-13

64

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Хөдөө аж ахуй, загасны нөөцийн Ерөнхий газрын Амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан газрын дарга Мухаммад Аль-Камал-тай 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Кувейт Улс руу махны экспорт эхэлж, одоогийн байдлаар 5 удаагийн ачилт хийгдсэн бөгөөд Кувейт Улсын хэрэглэгчид Монгол махны амт, чанарт маш өндөр сэтгэгдэлтэй байгааг тэмдэглэж, ирэх 6 дугаар сард “Эйд Аль-Адха” баярын үеэр Кувейт Улсад махны хэрэгцээ их хэмжээгээр нэмэгддэгтэй холбогдуулан энэхүү баярын өмнө махны экспортыг нэмэгдүүлэх, түүнчлэн Кувейт Улстай амьд мал экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг ойрын хугацаанд тохирч, ирэх сарын эхээр экспортыг эхлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Амьтны эрүүл мэндийн газраас амьд мал экспортлох эрүүл мэндийн гэрчилгээний хариу төслийг уулзалтын өмнө ирүүлсэнд талархал илэрхийлээд гэрчилгээг эцсийн байдлаар хугацаа алдалгүй тохирох хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Мал, эмнэлгийн Ерөнхий газар, Кувейт Улсын Хөдөө аж ахуй, загасны нөөцийн газрын Амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн газар хооронд цахим уулзалт зохион байгуулж, эцэслэн тохирох санал тавив.

Түүнээс гадна Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газар, Кувейт Улсын Хөдөө аж ахуй, загасны нөөцийн газар хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд Санамж бичгийн төслийг ойрын хугацаанд албан шугамаар хүргүүлэхээ нотлов. Мөн Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэхүү тэмдэглэлт жил зөвхөн Монгол мах, амьд мал төдийгүй хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод буй бөгөөд энэ ондоо багтаан Кувейтийн хэрэглэгчдийн гарт хүргэх эрмэлзэлтэй ажиллаж байгаагаа тэмдэглэв.

Амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан газрын дарга Мухаммад Аль-Камал Кувейт Улсын Хүнс, тэжээлийн Ерөнхий газрын ТУЗ-ын гишүүний хувьд Монгол Улсаас Кувейт Улс руу хийгдэж буй махны экспортын явцын талаар мэдээлэлтэй байгаа бөгөөд энэхүү экспортод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнээс гадна ирэх сард болох “Eid Al-Adha” баярын үеэр Кувейт Улсын махны хэрэгцээ ихээр нэмэгддэг, мөн одоогийн байдлаар махны хангамж багсаад буй энэ цаг үед Монгол Улсаас мах, амьд мал импортлох асуудалд бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа илэрхийлж, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газартай цахим уулзалт хийж, эрүүл мэндийн гэрчилгээг эцэслэн тохиролцохыг дэмжиж байгаагаа нотлов.

Цаашлаад Монгол Улсаас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд импортолж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр тэлэх сонирхол их байгаа бөгөөд тус газрын зүгээс боломжит бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Талууд 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Мал, эмнэлгийн Ерөнхий газар, Амьтны эрүүл мэндийн газар хооронд цахим уулзалт зохион байгуулан эрүүл мэндийн гэрчилгээг тохирч, Монгол Улсаас Кувейт Улс руу хийгдэх амьд малын экспортыг ойрын хугацаанд эхлүүлэх, мөн Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газар, Кувейт Улсын Хөдөө аж ахуй, загасны нөөцийн газар хооронд Санамж бичиг байгуулахаар тохиролцов.