ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АЗИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ САЙД САМИЙХ ИССА ЖОХАР ХАЯАТ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Кувейт Улсын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан туслах сайд Самийх Исса Жохар Хаяат-тай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн харилцааг “Өргөн хүрээтэй түншлэл”-д хүргэх хамтын ажиллагааны замын зураглалыг монголын тал ойрын хугацаанд эцэслэж, манай хоёр улсын харилцааг шат ахиулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны чухал механизмууд болох Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яам хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалт, Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын хоёрдугаар хуралдааныг энэ ондоо багтаан зохион байгуулах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.
Түүнчлэн энэ онд Монгол, Кувейтийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 2025 оны 11 дүгээр сард Эль-Кувейт хотноо зохион байгуулагдах Монгол үндэсний урлагийн тоглолт, хоолны фестиваль, Монгол Улсын нэрэмжит морин уралдаан болон бусад арга хэмжээ нарын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол Улсаас Кувейт Улс руу хийгдэж буй махны экспортын явцын талаар санал солилцов.
Азийн асуудал хариуцсан туслах сайд Самийх Исса Жохар Хаяат Монгол, Кувейтийн Гадаад хэргийн яам хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд 2025 оны 6 дугаар сарын дундуур Монгол Улсад ажиллаж, ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах боломжтойг нотлов. Түүнчлэн Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын хоёрдугаар хуралдааныг зохион байгуулах товын саналаа ирүүлэхийг хүсэлт болгоод энэ чиглэлээр Кувейт Улсын Сангийн яамтай холбоотой ажиллахаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсаас Кувейт Улс руу хийгдэж буй махны экспорт нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, Кувейт Улсад махны хэрэгцээ өндөр байдаг тул цаашид экспортын хэмжээг ихэсгэж, илүү тогтмолжуулахын чухлыг тэмдэглэв.
Түүнчлэн хоёр улсын харилцааны эрх зүйн орныг бэхжүүлэх хүрээнд харилцан солилцоод буй Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон байгууллага хоорондын Санамж бичгүүд, нэн ялангуяа хоёр улсын харилцааг “Өргөн хүрээтэй түншлэл”-д хүргэх хамтын ажиллагааны замын зураглалыг ойрын хугацаанд эцэслэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд энэ чиглэлээр Гадаад хэргийн яамны Эрх зүйн газартай холбоотой ажиллаж байгааг тэмдэглэв.