ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ШЕЙХ АБДУЛЛА МИШАЛЬ АЛЬ-САБАХ-ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Эрхэмсэг ноён Шейх Абдулла Мишаль Аль-Сабах-тай уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улс, Кувейт Улсын хооронд хөгжүүлж буй худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар товч танилцуулав. Мөн жил бүр Монгол Улс, АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран 2003 оноос эхлэн зохион байгуулж буй “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн талаар мэдээлэл өгч, энэ оны 6 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Хааны эрэлд-2025”-д Кувейт Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас ажиглагч, бие бүрэлдэхүүн оролцуулах асуудлаар санал солилцож, урилгыг гардуулав.
Түүнчлэн хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Кувейт Улсын Батлан хамгаалах яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлэх, үүнтэй холбогдуулан энэхүү Санамж бичгийг энэ оны хоёрдугаар хагаст Монгол Улсаас Кувейт Улсад хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр эцэслэн байгуулж, гарын үсэг зурах саналтай байгаагаа илэрхийлэв.
Шейх Абдулла Мишаль Аль-Сабах Кувейт Улсын 15 дахь Эмир асан Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах болон Тэргүүн шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд асан Шейх Нассер Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах нар Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөг байсныг тэмдэглэж, өөрийн зүгээс мөн хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллахаа нотлов.
Мөн Кувейт Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөллийг 2025 оны 6 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцуулах чиглэлээр ажиллах, мөн Монгол Улсын Батлан хамгаалах яам, Кувейт Улсын Батлан хамгаалах яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулахад шаардлагатай процедурыг эхлүүлж, баримт бичгийн төслийг бэлтгэн хүргүүлэхээ илэрхийлэв.
Талууд “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Кувейт Улсаас ажиглагч, бие бүрэлдэхүүн оролцуулах, мөн Санамж бичиг байгуулах хүрээнд хоёр улсын Батлан хамгаалах яамны Эрх зүйн болон Гадаад харилцааны газрууд хооронд шууд холбоо тогтоон ажиллахаар тохиров.