images

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН КУВЕЙТ УЛСЫН ХҮНС, ТЭЖЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ДР. РИЙМ АЛЬ-ФУЛАЙЖИ-ТАЙ УУЛЗАВ

Монгол, Кувейт Улсын харилцаа

2025-04-29

27

​Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсын Хүнс, тэжээлийн Ерөнхий газрын Ерөнхий захирал Др. Рийм Аль-Фулайжи-тай 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уулзаж, хоёр улсын харилцаа, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсаас Булангийн орнууд, тэр дундаа Кувейт Улс руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэхэд Ерөнхий захирал Др. Рийм Аль-Фулайжи-гийн туслалцаа, зөвлөгөө өгч, махны экспортыг эхлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Түүнчлэн цаашид энэхүү махны экспортыг улам бүр тогтвортой болгох чиглэлээр холбогдох талууд авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулж, энэ хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Кувейт Улсад айлчилж, кувейтийн талтай албан ёсны уулзалтуудыг хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаатай холбогдуулан Монгол Улсын Мал эмнлэгийн Ерөнхий газар, Кувейт Улсын Хүнс, тэжээлийн Ерөнхий газар хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулах саналтай байгааг мэдэгдэж, төслийг гардуулав.

​Түүнчлэн Кувейт Улсын томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүд Монгол Улсаас хөдөө аж ахуйн гаралтай бусад бүтээгдэхүүн, чингэхдээ сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүнсний ногоо худалдан авах сонирхол илэрхийлж байгаатай холбогдуулан экспортыг эхлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

​Ерөнхий захирал Др. Рийм Аль-Фулайжи Элчин сайд П.Сэргэлэн идэвхтэй ажиллаж, махны экспортыг эхлүүлсэн нь хоёр улсын харилцаанд төдийгүй Кувейт Улсын хүнсний аюулгүй байдлын бодлогод чухал ач холбогдолтой болохыг нотолж, цаашид ч экспортыг илүү тогтмолжуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Түүнчлэн Монгол Улсаас Кувейт Улс руу хөдөө аж ахуйн гаралтай бусад төрлийн бүтээгдэхүүн экспортлоход эрүүл мэндийн гэрчилгээг тохирох болон зөвшөөрөл авах процедур нь харьцангуй хурдан бөгөөд амархан болохыг тэмдэглэж, энэ тал дээр бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

​Мөн Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газар, Кувейт Улсын Хүнс, тэжээлийн Ерөнхий газар хооронд хамтран ажиллах Санамж бичгийн төслийг судлан үзэж, хариу хүргүүлэхээ нотлов.

​Уулзалт найрсаг уур амьсгалтай, үр дүнтэй болж, талууд Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортыг тогтмолжуулах, хөдөө аж ахуйн гаралтай бусад төрлийн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх хүрээнд эрүүл мэндийн гэрчилгээг тохирох, Монгол Улсын Мал эмнэлэийн Ерөнхий газар, Кувейт Улсын Хүнс, тэжээлийн Ерөнхий газар хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулах зэрэг ажлуудыг шуурхайлан эхлүүлэхээр тохиролцов.