ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН БАХРЕЙНЫ ХААНТ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД САЛАХ АЛИ ХАСАН ХИЛАЛ АЛЬ-МАЛКИ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд Салах Али Хасан Хилал Аль-Малки-г 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Салах Али Хасан Хилал Аль-Малки Элчин сайд П.Сэргэлэн Бахрейны Хаант Улсын Хаан Хамад бин Иса Аль-Халифа-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, албан ёсоор үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн Бахрейны Хаант Улс жил бүрийн 1 дүгээр сарын 28-ны өдрийг “Энх тайвнаар зэрэгцэн орших олон улсын өдөр” болгох тогтоолын төслийг НҮБ-аар батлуулахад үнэтэй хувь нэмрээ оруулж, хамтран зохиогчоор оролцсон Монгол Улс, тэр дундаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт талархал илэрхийлж, даян дэлхийд энх тайвнаар зэрэгцэн орших чухал үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гадаад бодлогыг сайшааж байгаагаа тэмдэглэв. Мөн энэ хүрээнд Бахрейны Хаант Улсын Хаан Хамад Энх тайвнаар зэрэгцэн орших дэлхийн төвийн Гүйцэтгэх захирал Абдулла Иса Аль-Маннай-гаас ирүүлсэн талархлын захидлыг гардууллаа.
Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед хурдацтай хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, албан ёсоор Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад хавсран суугаа Элчин сайдын үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар товч танилцуулав. Мөн манай хоёр улс олон улсын тавцанд хамтран ажиллаж, харилцан дэмжиж ирсэн арвин туршлагатай болохыг тэмдэглэж, энэхүү хамтын ажиллагааг хадгалахын чухлыг онцлов.
Талууд Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн салбарт хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахад санал нэгдэж, нягт холбоотой хамтран ажиллахаар тохиров.