ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИС ТААЛАЛ ТӨГССӨНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Элчин сайд П.Сэргэлэн Гэгээн Ширээт Улсын Төрийн Тэргүүн Пап Францис таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Гэгээн Ширээт Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж, эмгэнэл илэрхийлэв.
Тэрээр Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис нь дэлхий дахинд энх тайвныг тогтоох, шашин шүтлэг, арьс өнгө, нас, хүйс үл харгалзан хүн бүр энх тайвнаар зэрэгцэн орших асуудалд даян дэлхийн анхаарал чиглэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн хүмүүн болохыг дурдаж, 2023 онд Монгол Улсад Төрийн айлчлал хийхдээ Монгол Улсын хүний эрхийг дээдлэх, ардчилал, энх тайвныг цогцлоох хүчин чармайлтыг сайшааж, “Монгол Улс бол шашин шүтэх эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн айлдсан нь хоёр улсын харилцааны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэхийг илэрхийлэв.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Ромын католик шашны тэргүүн Пап Францисын энх тайван, шударга ёс, хүний эрхийн төлөөх үйл хэргийг Монголын ард түмэн үргэлж дурсан санах бөгөөд энэхүү үйл хэрэг нь цаашид ч тууштай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.